Б.Жавхлан: Дэлхийн банкны урт хугацааны зээлээр орон нутгийн 7000 км замд их засвар хийнэ

Б.Жавхлан: Дэлхийн банкны урт хугацааны зээлээр орон нутгийн 7000 км замд их засвар хийнэ

Өнгөрсөн долоо хоногт 2024 оны төсвийн төслийг баталсан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан:- Төсвийн төслийг хуульд заасан хугацаандаа баталлаа. Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байна. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулсан зардал байлаа. Ингээд төсвийн гүйцэтгэлээрээ орлого биелээд явж байна. Ирэх жил цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж, төсөвт оруулах суурь зардал нь 3.4 их наяд төгрөг болж байгаа. Үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх. Бид цар тахал, дэлхийн геополитикийн дайны нөхцөл байдалтай нүүр туллаа

Ирэх жилийн 4.9 их наяд төгрөг дээр нэмэгдсэн зардлын 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Мөн хорь орчим хувь нь ирэх жилээс хэрэгжих Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шууд зардалд зарцуулна. Ирэх жил нэг удаагийн арга хэмжээ буюу Олимп, УИХ-ын сонгууль болно.

Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрыг өгнө. Ингээд 4.9 их наядын 300 тэрбум төгрөг буюу тав хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт юм. Тэгэхээр зарим нь ирэх жилийн сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж шүүмжилж байгаа. Тоог харахад тэгж дүгнэж болох ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой өсөлтүүд байгаа юм. Хөрөнгө оруулалтын хувьд иргэд төсвийн номон дээрээс харж хэлээд байдаг. Гэтэл төсвийн харилцаагаар төсвийн зардлаас гадна гадаад зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл гээд олон сувгаар хөрөнгө оруулалтыг хийдэг. Ингээд харвал дүр зураг өөр харагдана. Бид богино хугацаатай, 5-20 тэрбум дотор хийдэг сургууль, цэцэрлэгийг төсвөөсөө барьж сурсан. Тэгвэл том төсөв шаарддаг эрчим хүч, зам тээвэр зэрэг өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарыг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлдэг. Ирэх жил "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарыг хөрөнгө оруулна. Орон нутаг руу чиглэсэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ. Жишээлбэл, эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Ингэснээр 13 хувь эрчим хүчний сэргэлт нэмэгдэнэ.

Мөн зам тээврийн салбарт хоёр их наяд гаруй төгрөгийн санхүүжилт бүхий 1000 гаруй километр замыг тавина. Дэлхийн банкны урт хугацааны зээлээр анх удаа 350 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ. Улсын чанартай 7000 км том замууд эхнээсээ засвар хийх шаардлагатай болсон.

Нэн тэргүүнд, Дорнод аймаг руу явдаг "Тамын-50" зам болон Өмнөговь аймгаас Дундговь руу явдаг замыг засна. Мөн таван цагариг бүс дээр замын ажлыг хийнэ. Жишээлбэл, Ховд-Улаангом-Алтай-Улиастайг холбосон босоо хоёр холбоос замыг барина. Мөн Чойроос хоёр тийшээ салж явах замыг тавина. Хөвсгөл, Булганаас ирж байгаа урсгал Дархан орохгүйгээр Орхоны гүүрээс салаад Баянчандмань чиглэлээр 170 км орчим зам товчилж явдаг болно.

ҮЗЭХ: