Бүх халамжийг 10 хувиар нэмж, тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 жил болгож бууруулахад шаардлагатай төсвийг 2024 оны төсвийн төсөлд тусгажээ

Бүх халамжийг 10 хувиар нэмж, тэтгэвэр тогтоох 7 жилийг 5 жил болгож бууруулахад шаардлагатай төсвийг 2024 оны төсвийн төсөлд тусгажээ

Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Тэрбээр "Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд, төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатайг Монгол Улсын Ерөнхий аудитор онцлон тэмдэглэв.

-ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ-

Дараа нь ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг танилцуулахдаа, Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг болно гэж байлаа.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төсвийн зардлыг 335,261.1 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Уг саналд “Нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн нийт зарлагын Нийгмийн даатгалын сан, зээлийн хүүгийн төлбөр, үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 2.51 хувиар буюу 309,522.9 сая төгрөгөөр бууруулах”,“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Эрчим хүчний сайдын төсвийн багцын урсгал зардлыг 25,738.2 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан байлаа.

Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.