Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.08/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар " Мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, экспорт хийх бүртээ ХХААХҮ-ийн яамнаас зөвшөөрөл авах юм уу. Бодлогын яамны чиг үүрэгт нийцэх юм уу. Яам ийм механик ажил хийгээд байж болох уу, лаборатори, байр сав бий юу. Хаа холын Өмнөговь, Баян-Өлгийн боомтоор экспорт хийх аж, ахуй нэгж Улаанбаатарт ирж ХХАХҮ-ийн яамнаас зөвшөөрөл авах юм уу. Бүх ажлыг яаманд төвлөрүүлдэг байж болохгүй" гэлээ.
Түүний асуултад ХХААХҮ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуулан " Мал эмнэлгийн экспортын гэрчилгээ давхардаад байгаа учраас энэ хуулийг боловсруулсан. Үүнийг хөдөө, аж ахуйн бирж хариуцаж түргэн шуурхай үйлчилнэ" гэж хариуллаа.
Харин УИХ-ын гишүүн Г.Ганболд " Зөвшөөрлийг хүний оролцоогүй болгох хэрэгтэй. Цахимаар олгох гэсэн өгүүлбэрийг хассан байна. Яагаад заавал хүнээр зөвшөөрөл өгүүлэх гээд байна. Мэргэжлийн баг шийднэ гэж өгүүлбэр нэмээд албан тушаалтанд эрх мэдэл олгох гээд байгааг дэмжихгүй байна. Манай төр компаниудыг дарамталж дампууруулж байна. Аж, ахуй нэгжүүдийн асуудлыг 72 цагийн хугацаанд шийдэж өгөх хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлага хүлээлгэх хэрэгтэй" гэлээ.
ВИДЕО: