ВИДЕО: УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд нэр дэвших үү" гэж асуухад зарим нь хариулахаас татгалзаж, дургүйцэж байв

ВИДЕО: УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд нэр дэвших үү" гэж асуухад зарим нь хариулахаас татгалзаж, дургүйцэж байв

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд нэр дэвших үү" гэдгийг тодрууллаа. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ: Ер нь би гурван ажил хийхээр УИХ-д орсон юм. Ардын нам ч уг нь хийе гэсэн. Гэхдээ амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Нэгдүгээрт, Баялагтаа эзэн байх ажлыг хийе гэсэн. Энэ талаар ганц би биш УИХ-ын бүх гишүүд л ярьсан шүү дээ. Баялагтаа эзэн болох агуулгаар би хууль санаачилсан. Гэтэл дэмжигдээгүй. Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг хэдхэн хүн хувааж идчээд байна. Эрдэнэтийн овоолгыг Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот, иргэд хувааж эзэмшдэг байя гэсэн. Гурвуулаа хожих тогтоолын төсөл санаачилсан ч дэмжигдээгүй. Гэхдээ хэзээ нэгэн өдөр дэмжигдэх байх. Дараачийн Их Хурал дэмжих байх. 

Хоёрдугаарт, олон ажлын хэсэгт орж ажилласан. Ялангуяа хонгилыг нураах чиглэлээр буюу шүүхийн шударга ёсыг тогтооход маш олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт ажилласан. Бас яахав хуучнаа бодвол арай дээрдсэн хуулийг баталсан. Өнөөдөр л гэхэд манай байнгын хорооны хурлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцлээ. Энэ ажлын хэсэгт мөн орлоо. Гуравдугаарт, дундаж орлоготой иргэдтэй болох зорилтыг дэвшүүлсэн юм. Гэтэл энэ ажил "нохойн замаар" орлоо. Иргэд маань ядуу гэх ангилал руу олноор орлоо. 2024 оны сонгуульд нэр дэвших эсэхийг одоо хэлж мэдэхгүй байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР: Ирэх сонгуульд нэр дэвших талаар одоогоор бодоогүй байна. Тэр хувь хүний асуудал биш. Удирдлагын түвшинд ярьж байж шийддэг болохоос биш "Би дэвшмээр байна" гээд дэвшдэг асуудал биш. Тэгэхээр нам судалгаа хийж ард түмний санал хүсэлтийг авах байх. Миний саналаар нэр дэвшүүлдэг бол бүх хүн л нэр дэвших байлгүй. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний ёс зүй, хууль санаачлах ажилд тэнцэж сайн ажилласан гэж боддог. 

УИХ-ЫН ГИШҮҮН: Ц.МӨНХ-ОРГИЛ: Надаас сонин юм асуух юм. Их хурлын сонгуульд нэр дэвших, дэвшихгүй нь хувь хүмүүсийн сонирхлын асуудал. Эцсийн шийдвэрийг намын Бага хурлаас гаргана. Би олон хууль санаачилж, олон хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Хөдөлмөрийн хууль, Боловсролын ерөнхий хууль, Даатгалын зарим хууль, Эрүүгийн хууль гэх мэт. Хангалттай. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд л тал, талаасаа анхаарах шаардлага байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ: Танай сайт намайг муулж бичдэг учир ярилцлага өгөхгүй. Би өрөөндөө орж ажлаа хиймээр байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: Ирэх сонгуульд би тойрогтоо нэр дэвшинэ. Би УИХ-аар батлагдсан гол хуулиудыг санаачилж ажилладаг. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байна. Мөн УИХ-ын хяналт шалгалтыг нэмэгдүүлэх, гишүүдийн эрх мэдлийг хязгаарлах өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж батлуулсан. Төрийн бодлого тодорхой, тогтвортой байх урт, дунд, богино хугацаандаа уялдаатай байх агуулгыг шингээсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг санаачилж батлуулсан. Мөн УИХ-ын тухай хуулийг батлууллаа. Мөн Үйлдвэр технологийн паркийн тухай хууль байна. Монгол Улс үйлдвэржих ёстой. Өнөөдөр малын гаралтай түүхий эд хилээр түүхийгээрээ гарч байна. Арьс шир, ноос ноолуур нь хаягдаж байна. Үүнийг яаж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэдэг хуулийг батлуулсан. Мөн уул, уурхайн баялаг болох нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал түүхийгээрээ гарч байна. Үүнийг яаж боловсруулж, цэвэр зэс боловсруулах уу төмрийн хүдэр боловсруулж гангийн үйлдвэртэй болох вэ зэрэгт олон хуулийг санаачилж батлууллаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН: 2024 он хаа ч байсан юм. Нэр дэвших эсэхийг би хэлж мэдэхгүй. Тийм юм асуугаад яах вэ. Гишүүний хувьд бие дааж биш сайдын хувиар салбарын хуулиудаа өргөн барьсан. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гээд олон хуулийг санаачилсан. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ: Би 13 ажлын хэсэгт орж ажилласан.