Хүйн гажигтай нярайд орон нутагт анх удаа амжилттай хагалгаа хийжээ

Хүйн гажигтай нярайд орон нутагт анх удаа амжилттай хагалгаа хийжээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай нэг хоногтой нярайд орон нутагт анх удаа хагалгаа хийжээ.

Уг гажиг нь 5000-10000 төрөлтөнд нэг тохиолддог, үр хөврөлийн хөгжлийн явцад үүсдэг хүнд хэлбэрийн гажиг бөгөөд хүйн цоорхойгоор эрхтнүүд ивэрч гарахыг ийнхүү нэрлэдэг аж. Хагалгааг мэс заслын эмч Ш.Еркебулан, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Мейз, Х.Айбану, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Амангүл, Х.Айжан  хагалгааны сувилагч Ш.Лена, нярайн сувилагч М.Макен, Д.Бахытгүл нарын эмч, сувилагчдын баг гүйцэтгэв. Хагалгааны үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэгтэй эмч Л.Ганбаяр болон зөвлөх зэрэгтэй эмч В.Ганхуяг нартай телемедицинээр холбогдож зөвлөгөө авсан байна.

Өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай хүүхдэд орон нутагт анх удаагаа хийсэн дээрх хагалгаа амжилттай болсон ба одоо эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэжээ.