Isee.mn сайтын сурвалжлах баг мэдээллийг БНХАУ-ын Бээжин хотоос мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор өчигдөр /2023.10.17/ Бээжин хотноо хүрэлцэн ирсэн билээ.
Тэрбээр энэ үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан юм. Тус уулзалтад Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцсон бол манай талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, элчин сайд Ө.Энхтүвшин, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиролцлоо.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "2019 онд манай хоёр улсын суурь баримт бичиг болох найрсаг харилцааны иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Та бидний хооронд хэлэлцсэн асуудал байгаа гэсэн үг. Үүнийг Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй болов уу. Харин хоёрын талын хооронд маш чухал ач холбогдолтой олон төсөл бий. Мөн БНХАУ-ыг оролцуулсан гурван талт төслийн нэг нь Монгол Улсыг дайраад ОХУ-аас БНХАУ-ыг чиглэсэн байгалийн хий хоолой татах төсөл. Энэ төсөлд бүх талууд санал нэгдсэн байна. Одоо зөвхөн энэ төслийг хэрэгжүүлэх нь үлдлээ" гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Би тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Та түрүүнд мөн дурдлаа. Манай улс ОХУ-тай 2019 онд "Найрсаг харилцааны иж бүрэн стратегийн түншлэл"-ийг хугацаагүйгээр байгуулсан. Таныг Халх голын ойн баярын хүрээнд Монгол Улсад төрийн албан ёсоор айлчлал хийхийг урьсан энэхүү урилгаа дахин нотолж байна. Манай сайхан эх оронд айлчлан зочлоорой гэж урьж байна. Халх голын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлнэ гэж найдаж байна" гэсэн юм. Энэхүү урилгыг Ерөнхийлөгч В.В.Путин талархан хүлээн авлаа.
Ташрамд өгүүлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм.