"Сүүний литр тутамд 500 төгрөгний урамшуулал олгодог байсан бол энэ өвлөөс 1000 төгрөг болгож нэмнэ" гэв

"Сүүний литр тутамд 500 төгрөгний урамшуулал олгодог байсан бол энэ өвлөөс 1000 төгрөг болгож нэмнэ" гэв

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.13/ болж, Малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, "Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн сайжруулах зорилгоор өвлийн улиралд бэлтгэн нийлүүлсэн литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал олгож эхэлснээр сүү нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн гурван жилд 52 хувиар нэмэгдсэн.

Бэлтгэх сүүний хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр сүүний урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг олон улсын  байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, байгалийн бэлчээр, усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар малчдыг зохих мэдлэг, мэдээлэлтэй, хариу арга хэмжээ авах чадавхтай болгох чиглэлээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, байгалийн нөөцөөс хамааралтай Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс болсон бэлчээрийн бүртгэл, үнэлгээг дахин нарийвчлан хийж, бэлчээрийн төрөл, төлөв байдлыг бодитой тодорхойлох, хөдөө аж ахуйн цаг уурын мэдээллийг өргөтгөх, мэдээлэл нь салбарын эрсдэлийг бууруулах, арга хэмжээ төлөвлөх, хэрэгжилтийг хангах ач холбогдолтой. Манай улсын мал сүргийн тооны өсөлтөөс шалтгаалсан бэлчээрийн даац хэтрэлт төвийн бүсийн аймгуудад их байгаа, бэлчээрийн даацад тохирсон тооны малтай,  аж ахуйтай байх бодлогын хүрээнд малын борлуулалтыг дэмжих, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх шаардлага нэн тэргүүний зорилт болж байна" гэсэн юм.