Засгийн газрын өнөөдрийн /2023.10.03/ ээлжит хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Хотын дарга болон Түгжрэлийн асуудал хариуцсан сайдад нэр дэвшигчдийг тодруулна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн.
МАН-ынхан уржигдар шөнөжин хуралдаж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Хотын даргад, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдад, Б.Дэлгэрсайханыг Түгжрэлийн сайдад нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд өчигдөр өдөр энэ мэдээллээ хэвлэлээр явуулсан. Засгийн газраас тестэлж Х.Нямбаатар сайдын нэрийг олон нийтийн дунд гаргав уу гэх хардлага ч бий.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хэвлэлээр бичигдэж буй зарим хүний нэр Удирдах зөвлөлийн хурлаар яригдана. Зарим нь яригдахгүй" гэж мэдэгдсэн билээ. Тэгэхээр дээрх нэрс зөрж ч мэднэ. МАН-ын генсек Д.Амарбаясгалан ирсэн учир МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж дээрх томилгоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх нь.
Сануулахад, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж Солонгосоос авчирсан 80 автобус асуудал дагуулсан учир Д.Сумъяабазар Хотын даргаас, Ж.Сүхбаатар Түгжрэлийн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм.