УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороог байгуулсан. Тус түр хороо нь нүүрсний хулгай гэх асуудалтай холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-12-нд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч АТГ-аас түр хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу сонсголоо хойшлуулсан.
Энэ талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Сонсголд 14 хүнийг гэрчээр дуудахаар болоод байсан. Гэвч АТГ-аас "УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33.9-д "Хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах УИХ-ын эрх хэмжээний хүрээнд байна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ удаагийн сонсгол бидний ажилд саад учруулахаар байна. Сонсгол нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, хөдлөнгөөс саад учруулах магадлалтай байна. Тиймээс түр хорооны хурлыг хойшлуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн. Түр хороо АТГ-аас ирсэн энэ саналыг нь хэлэлцээд бүгд санал нэгтэйгээр сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэсэн юм.
Улмаар тайланг нь ч сонсолгүй тус хороог татан буулгаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан шинэ Түр хороог ажиллуулаад байна. Түүний ахалж буй Түр хороо ирэх арваннэгдүгээр сард багтаан нүүрсний сонсголыг зохион байгуулна гэх мэдээлэл бий. Тэгвэл хуучин Түр хороог ахалж байсан бөгөөд одоо шинэ хорооны гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүн Г.Ганболдоос нүүрсний сонсголтой холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.
ҮЗЭХ:
-Б.ГАНХУЯГ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫГ ОРОЛЦУУЛАХГҮЙ БОЛ НҮҮРСНИЙ СОНСГОЛ ЯМАР Ч АЧ ХОЛБОГДОЛГҮЙ-
Тодруулбал, тэрбээр "Одоо байгуулагдаад буй Түр хороонд би гишүүнээр ажиллаж байгаа. Тус Түр хороо ажлаа дөнгөж эхэлж, хянан шалгагчдаа томилоод байна. Материалтайгаа танилцаж, дахин баримт материал цуглуулж байна гэсэн үг. Өмнөх Түр хороо нүүрсний хулгай, хаалтын гэрээнүүд, ААН-үүдийн бодит гэрээнүүд гэх мэт маш өргөн хүрээг хамарсан хяналт, шалгалтыг хийж байсан. Харин одоогийн Түр хороо хянан шалгах асуудлаа жаахан хумиж байгаа. Зөвхөн ААН-үүдийн гэрээнд тулгуурласан цомхон асуудлаар сонсгол хийнэ. Миний хувьд өмнөх Түр хороонд ажиллаж байхдаа цуглуулсан баримт материалаа удахгүй болох сонсголын ажилтайгаа уяхад анхаарч байна.
Сонсголд Б.Ганхуяг болон Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтээ хуулийнханд хүргүүлсэн. Харамсалтай нь болохгүй гэх хариу өгсөн.
Ойрын хугацаанд Түр хороо хуралдаж, явц ямар байгаагаас шалтгаалж хурлын тов гаргана. Би Түр хорооны гишүүний хувьд өмнө нь асуудал үүсгэсэн дээрх хүнийг сонсголд заавал оруулахыг шаардана. Тэр хүмүүсийг оролцуулахгүй бол энэ сонсгол ямар ч ач холбогдолгүй. Хамгийн гол зангилаа болоод байгаа энэ хүмүүсийг оролцуулж байж л хаалтын гэрээг хийх чиглэлийг хэн өгсөн, ямар шийдвэрүүд гарсан гэдгийг олж тогтоох юм. Өөрийн Түр хороонд ажиллаж байх үеийн материалуудад тулгуурлаад өмнө нь дуудаж байсан хүмүүсээ гэрчээр оролцуулах хүсэлтийг одоогийн Түр хорооны дарга болон гишүүдэд танилцуулах болно. Үүнийг мэдээж олонхийн саналаар шийднэ" гэсэн юм.