УИХ-д суудалтай намуудын төлөөллөөс бүрдсэн төлөөлөгчдийн баг Герман Улсад 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд ажиллаж байна
Тэгвэл Ардчилсан намыг төлөөлж тус намын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нар тус улсад ажиллаж байгаа аж. Тэд энэ үеэр ХБНГУ-ын Бундестагийн Дэд ерөнхийлөгч хатагтай Айдан Өзогүзтэй албан ёсны уулзалт хийж парламентын засаглалыг бэхжүүлэх, ардчилалд тулгамдаж буй сорилт, бэрхшээл, нийтлэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Үргэлжлүүлэн АНУ-д ажиллана гэх мэдээлэл мөн байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулиар байгуулагдах дараагийн парламент 126 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Төлөөлөгчид Бундестагд ажиллах хугацаандаа парламентын бүтэц, байнгын болон түр хороодын чиг үүрэг, бүрэн эрх, бүрэлдэхүүний тоо, тусгай хороодын эрхлэх асуудлын зааг ялгаа, хүрээ хязгаар, сонгуулийн дараа нам, эвслийн бүлэг байгуулах журам, нам, эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд, доод хязгаар, нам, эвслийн бүлгийн эрх, үүрэг, сахилга, хариуцлага, нам эвслийн бүлэгт харъяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авсан байна. Мөн парламентын мэтгэлцээний сонгодог зарчим, түүнийг хэрхэн явуулдаг талаарх зохицуулалт, парламентын мөрдөн шалгах чиг үүрэг, хяналт шалгалтын түр хорооны зохион байгуулалт, нийтийн сонсгол, парламентын хэвлэлийн эрх зүйн орчин зэрэг асуудлуудыг цогцоор нь судлан ажиллаж байна.