Фитнесс клубт хичээллэх иргэдэд 60,000 төгрөгийн урамшуулал олгоно

Фитнесс клубт хичээллэх иргэдэд 60,000 төгрөгийн урамшуулал олгоно

Сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг ч эргээд түүнийхээ үр өгөөжийг хүртдэггүй гэж иргэд бухимддаг. Тэгвэл магадлан итгэмжлэгдсэн спорт клубт тасралтгүй 3 сар явснаар ЭМДС-аас 60 мянган төгрөгийн урамшуулал авах боломж бүрджээ.

Спорт клубт нийт 24 удаа хурууны хээгээ бүртгүүлсэн бол гурван сарын дараа урамшуулал авна

ЭМДС-тай гэрээ байгуулсан магадлан итгэмжлэгдсэн спорт клубт тасралтгүй гурван сарын турш хичээллэж, энэ хугацаандаа долоо хоногт 2-3 удаа нийт 24 удаа хурууныхаа хээг уншуулж бүртгүүлсэн бол урамшуулал авах эрх нь нээгдэнэ. Өөрөөр хэлбэл сард 20 мянган төгрөг, гурван сард  60 мянган төгрөгийн урамшууллыг ЭМДС-аас эрүүл мэнддээ анхаарсныхаа төлөө авна гэсэн үг. Ингэхдээ тус урамшууллын мөнгө тухайн спорт клуб руу биш хувь иргэний данс руу шилжинэ.

Спортын клуб нь бакалаврын зэрэгтэй багштай, мэргэжлийн эмчтэй байх ёстой

БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Тунгалаг “Гурван сар спортоор тогтмол хичээллэснээр эрүүл мэндэд нь тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гардаг. Түүнээс биш нэг сар, 45 хоног турах чиглэлээр хичээллэдэг хөтөлбөрүүд эрүүл мэндийн ач холбогдолгүй. Харин ч эсрэгээрээ тухайн хичээллэж байгаа иргэнд тодорхой хэмжээний эрсдэл учруулдаг. Тиймээс иргэд тогтмол өөртөө тохирсон цаг хугацаагаар гурваас доошгүй сар хичээллэн эрүүл мэндийн үр өгөөжийг авна. Спорт клубүүдэд тавьсан гол хоёр журам бол шаардлага хангасан мэргэжлийн дасгалжуулагч багштай, мөн эмчтэй байх ёстой гэж заасан. Гурван сар хичээллээд юм уу, гурван сарын курст суугаад спорт клубийн багш болсон гэдэг асуудал их яригддаг. Өнөөдөр бид журмын дагуу дөрвөн жил суралцан биеийн тамирын салбар, хүний биеийн анатоми үзэн хүний биеийн хөгжлийг сэтгэл зүйтэй нь судалсан хүнийг гурван сарын курс төгссөн хүнтэй дүйцүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс бид мэргэжлийн түвшинд аюулгүй орчинд мэргэжлийн багшийн өгсөн хөтөлбөрөөр хичээллэх шаардлагыг хангасан бол спорт клуб магадлан итгэмжлэгдэх эрх нь нээгдэж байгаа” гэв.

Улсын хэмжээнд 330 орчим спорт клуб бүртгэлтэй. Үүнээс 180 орчим нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна. есдүгээр сараас хойш анх удаа спорт клубийг магадлан итгэмжлээд байна.  Өмнө нь хуулинд заасан ч спорт клубүүдийг магадлан итгэмжилдэггүй байсан. Харин ЭМДС-аас иргэдэд урамшуулал олгохтой уялдуулан спорт клубүүдийн хөтөлбөр, чанар, стандартыг дээшлүүлэх. Түүнчлэн биеийн тамирын чиглэлээр суралцан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн боловсон хүчнээ аль нэг байгууллагын хамгаалагч биш салбарт нь мэргэжлээр нь ажиллуулах бодлогын хүрээнд спорт клубуудыг магадлан итгэмжилж эхэлжээ.

Спорт клубууд сайн дураар магадлан итгэмжлүүлнэ. Ингэхдээ хөтөлбөр, чанар стандартыг нь шалгах 56 шалгуураар үнэлүүлнэ. Одоогоор хүсэлт өгсөн 29 спорт клубээс тунаж, магадлан итгэмжлэгдсэн 13 газрын тав нь орон нутагт байрлаж байгаа спорт клуб байна. Энэ сарын 20-нд болсон ЭМДЕГ-ийн  сонгон шалгаруулалтад дээрх газрууд бүгд тэнцсэн байна.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ