"Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард /2023.04.05/ Филиппин улсаас авчирсан.
Улмаар энэ долоо хоногийн даваа гарагт дөрвөн зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Түүний дараа "Тавантолгой төмөр зам" компанийн захирал Н.Удаанжаргалыг авчирна гэж Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа мэдэгдсэн. Хуулийнхан Н.Удаанжаргалыг Аргентинд байгааг тогтоосон бөгөөд удахгүй авчрах гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд үүнд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж буй аж.
Н.Удаанжаргал нь 2022 оны аравдугаар сард эх орноосоо явсан. АТГ-аас Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам"-ын санхүү болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж, яллагдагчаар татан улмаар интерполоор эрэн сурвалжилсан. Түүнийг мөнгөн гуйвуулга хийснээр нь хөөж байршлыг нь тогтоосон гэж буй. Улмаар Монголд авчрах улс хоорондын Засгийн газрын түвшний яриа хэлэлцээ, хууль хяналтыг байгууллагын хамтын ажиллагаа явагдаж байгаа юм.