Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургууль нь сургуулийнхаа сурагчдын бие засах өрөөнүүдэд хяналтын камер суурилуулсан байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас хяналт, шалгалт хийх явцад тухайн сургууль нь мөн сурагчдын хувцас солих өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан нь тогтоогдсон байна.
Тодруулбал, сургуулийн сурагчдын хувцас солих өрөөнд 360 градус эргэдэг хяналтын камер суурилуулсан байжээ. Хамгийн ноцтой нь, тухайн хяналтын камер нь сүлжээнд холбогдсон байсан аж. Сургуулийн удирдлагуудын зүгээс ариун цэврийн өрөөнд суурилуулсан камерыг "Хүүхдүүдийг айлгах зорилготой байсан" хэмээн тайлбарласан бөгөөд тухайн камерууд нь сүлжээнд холбогдоогүй байсан байна. Гэтэл хувцас солих өрөөний камер сүлжээнд холбогдсон байсан нь анхаарал татаж байгаа аж. Өдгөө хуулийн байгууллага болон Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.4.1 дэх хэсэгт "Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах"-ыг хориглоно гэж заасан байдаг.