Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу "Мөнгөн мод 2019" тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчид шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд “Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд болно.
Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах замаар өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулах юм.
Нэр дэвшигчдийг Тайз, дэлгэцийн найруулагч, Тайз, дэлгэцийн жүжигчин, Тайз, дэлгэцийн зураач, Хөгжимчин, Дуучин, Бүжигчин, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн номинациар шалгаруулна.
Шилдэг уран бүтээлчдийг Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.