Монголын хамгийн анхны зөөгч робот дөрвөн зам дахь ““Хүнрү” hot pot ресторанд ажиллаж байна. Манай улсын үйлчилгээний салбарт нэвтэрсэн шинэ менежмент, шинэ бүтээгдэхүүн гэдэг утгаараа ЗӨӨГЧ РОБОТ олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
ВИДЕО:
Биднийг тус ресторанд очиход ажилтнууд нь хүлээн авч зөөгч роботтой танилцуулсан юм. “Хүнрү” ресторан нь нэг сарын өмнө нээгдсэн бөгөөд тэр үеэс зөөгч роботыг авч ажиллуулж эхэлжээ.
-2-3 ЦАГ ЦЭНЭГЛЭЭД ГУРВАН ӨДӨР АЖИЛЛАДАГ-
ЗӨӨГЧ РОБОТЫГ 2-3 цаг тогоор цэнэглэхэд гурван өдөр ажилладаг байна. Харин ачаалалтай үед нэг өдөр л ажилладаг аж. Үйлчлүүлэгч ихтэй өдөр зөөгч робот ачааллыг маш их хөнгөлдөг гэж тус рестораны ажилтнууд ярилаа. Тухайлбал, хүмүүс яарч хоолоо нэхэх үедээ роботыг хараад “гайхаж, сонирхон” сатаарч сүүлдээ хамтдаа зураг авахуулж, хүлээцтэй хандаж эхэлдэг байна. Мөн тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхдүүд сэтгэл хангалуун буцдаг аж. Учир нь тэд хоол идэхийн зэрэгцээ роботтой танилцан танин мэдэхүйн мэдлэгээ тэлдэг байна.
Зөөгч робот нь зочдод хоолыг нь хүргэж өгөхдөө тусгайлан зассан мэдрэгчтэй замаар явж очин “Сайн байна уу та. Сайхан хооллоорой” хэмээн эелдэгээр хэлнэ. Харин роботын аваачиж өгсөн хоолыг үйлчлүүлэгчид өөрсдөө авч ширээн дээрээ тавина. Зочдыг хоолоо бүрэн авч ширээн дээрээ тавьсны дараа зөөгч робот буцаж байрандаа ирэх юм.
ТОДРУУЛБАЛ , тус робот нь гурван үйлдлээр л зочдод хоолыг нь хүргэж өгдөг байна.
НЭГДҮГЭЭРТ, Гал тогооноос гарсан хоолыг зөөгч роботын тавиур дээр тавьж, хэдэн номерийн ширээнд хүргэж өгөхийг тохируулна
ХОЁРДУГААРТ: Робот хоол захиалсан ширээний дэргэд очоод, “Сайн байна уу? Хүнрү рестораныг сонгосонд баярлалаа. Сайхан хооллоорой” гэж хэлнэ.
ГУРАВДУГААРТ: Үйлчлүүлэгч роботын тавиураас хоолоо өөрсдөө авч, буцаах хог хаягдал байвал оронд нь тавиад явуулна.
Харин хоолны нэмэлт захиалга болонбусад санал, сэтгэгдлийг рестораны ажилтнууд өөрсдөө гүйцэтгэдэг байна.
Зөөгч робот нь хурдан, удаан гэсэн хоёр горимоор ажилладаг юм. “Хүнрү” рестораны хувьд ихэвчлэн шөлтэй хоол гаргадаг учраас асгах, цалгихаас болгоомжилж удаан горимоор зөөгч роботыг ажиллуулдаг аж.
ДАВУУ ТАЛ: Хэрвээ зөөгч хоолыг зөөвөл асгах, ширээ андуурах эсвэл санаандгүй байдлаар хоол руу үс орох зэрэг алдаа гардаг байна. Харин зөөгч роботын давуу тал нь үс орох зэрэг эрсдэлгүй юм.
-Б.БАТ-ОРШИХ: ЗӨӨГЧ МААНЬ ХУРДАН, УДААН ГОРИМООР ЯВДАГ.
МӨН СААДТАЙ ТУЛБАЛ АВТОМАТААР ЗОГСДОГ-
“Хүнрү” хот пот рестораны үүсгэн байгуулагч Б.Бат-Орших хэлэхдээ “Зөөгч аваад ажиллуулж болох ч бид цоо шинэ менежментийг нэвтрүүлье гэж зорьсон юм. Шинэлэг байх үүднээс. Энэ роботыг найман сая төгрөгөөр авсан. БНХАУ-аас үйлдвэртэй нь гэрээлж, оруулж ирсэн. 70 хүний суудалтай 10-15 ширээтэй ресторанд нэг ширхэг байхад хангалттай гэсэн. Дэлхий нийтээр электрон үйлчилгээний хэв маягт шилжиж буй энэ цагт бид ямар нэг зүйлээр анхдагч байх хэрэгтэй. Зөөгч робот нь маань өөр дээрээ таван камертай учраас хүн дөхөж ирэх эсвэл саадтай тулбал автоматаар зогсдог. Мөн хөгжим явдаг” гэсэн юм.
Бидэнтэй хамгийн ойр БНХАУ-д очиход үйлчилгээний салбарт хүний үйл ажиллагааг роботоор орлуулсан нь алхам тутамд харагдана. Харин бид ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь менежментийн шинэ шийдэл юм.