Монголын үндэсний олимпын хороо //МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслол 2019 оны 12 дугаар сарын 13-нд болно.
Энэхүү спортын салбарын Монгол Улсын оны шилдгүүдийг тодруулах ёслолыг энэ өдрийн 18 цагаас "Корпорейт" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулна. 2019 оны шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид болон оны шилдгийн шилдэг багийг нэр дэвшүүлэх шалгаруулалтад эрэгтэй 8, эмэгтэй 10 тамирчны нэр дэвшсэн бол оны шилдэг багийн номинацид 4 багийг нэр дэвшүүлжээ. Эдгээр нэр дэвшигчдээс Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн болох спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар шилдгийн шилдэг “Бөртэ чоно” шагналын эздийг тодруулдаг уламжлалтай. Нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Эмэгтэй тамирчин:
-Ц.Анударь (буудлага). “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн анхны эрхийг авсан
-М.Анхцэцэг (хүндийг өргөлт). ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн
-С.Батцэцэг (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олимпийн эрх авсан
-Б.Болортуяа (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
-О.Гүндэгмаа (буудлага). “Токио-2020” олимпын наадмын эрх авсан
-О.Есүгэн (буудлага). “Токио-2020” олимпын наадмын эрх авсан -
-Д.Номин-Эрдэнэ (шатар). Эрэгтэй их мастерын болзол биелүүлсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болов
-М.Уранцэцэг (жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
-Л.Сосорбарам (жүдо). Залуучуудын ДАШТ-д аваргалсан
-Б.Шоовдор (чөлөөт бөх). ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн
Эрэгтэй тамирчин:
-Д.Алтансүх (самбо). ДАШТ-д аваргалсан
-Э.Даваахүү (буудлага). “Токио-2020” Олимпын наадмын эрх авсан
-Д.Дэлгэрням (3х3 сагсан бөмбөг). Гранпри, их дуулга тэмцээнүүдэд амжилттай оролцож, шилдэг тоглогчоор шалгарсан
-Л.Отгонбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан
-О.Ууганбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан
-Д.Пүрэвдорж (самбо). ДАШТ-д аваргалсан
-Э.Цэндбаатар (бокс). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн аварга
-Ц.Цогтбаатар (жүдо). Ази тивийн АШТ-д аваргалсан
Спорт тоглоомын баг:
-3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг. Монгол Улсаас анх удаагаа спорт тоглоомын төрлөөр олимпын наадамд оролцох эрх авсан
-3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг. Гран при, их дуулга тэмцээнүүдэд амжилттай оролцсон
-Хөлбөмбөгийн шигшээ баг. ДАШТ-ий 2 дугаар шатанд анхны хожлоо авсан
-Шайбтай хоккейн шигшээ баг. “Asian Сhallenge Сup” тэмцээнд хоёр дахь жилдээ түрүүлж хошой аварга болсон.
"Бөртэ чоно-2019" ёслолоор Шилдэг олимпын танхим, Шилдэг олимпын зөвлөл, Шилдэг олимпын зүтгэлтэн, Шилдэг спортын сэтгүүлч, Шилдэг клуб нэг спортын төрлөөр, Шилдэг баг, Шилдэг хөрөнгө оруулалттай холбоог тус тус шалгаруулдаг.
Мөн Шилдэг спорт холбоо - 3, Шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга, Шилдэг ерөнхийлөгч, Шилдэг дасгалжуулагч - 2, Шилдэг залуу тамирчин, Шилдэг эрэгтэй тамирчин - 3, Шилдэг эмэгтэй тамирчин - 3 хүн тус тус шалгаруулдаг уламжлалтай. Шалгаруулалтыг МҮОХ болон спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг.