Олон зорчигч тээвэрлэж явсан автобус "Эмээлт"-ийн орчимд осолдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болсон тус осолд өртсөн хүмүүс нь Непал улсын иргэд байсан бөгөөд автобусанд зорчиж явсан 26 хүмүүсээс дөрвөн иргэн хүнд, хоёр иргэн хүндэвтэр зэргийн гэмтэл авчээ.
Уг иргэд нь Монголын нэр бүхий аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд тэд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа "Эмээлт"-ийн орчимд осолд орсон байна.
Гэмтэл авсан иргэдийн талаар ГССҮТ-өөс тодруулахад "Ослын улмаас хүргэгдэж ирсэн 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байгаа бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан. Үлдсэн 19 иргэн Гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Харин гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан" гэлээ.