ФОТО: “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотод дэлгэгдлээ

ФОТО: “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотод дэлгэгдлээ

Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийн цуврал арга хэмжээ Бээжин, Хөх хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. 

Энэ хүрээнд гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монголын нүүдэлчин ард түмний ахуй соёл, үзэсгэлэнт байгалийг харуулсан “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн бүтээлийг дэлгэн хятадын ард түмэнд толилуулж байна.

Тус үзэсгэлэн нь энэ сарын 3-13-ны өдрүүдэд Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвд гарч буй юм. Үзэсгэлэн нь 40 зургаас бүрдэж байгаа бөгөөд Монголын нүүдэлчдийн соёл, онгон байгальтайгаа одоог хүртэл харилцан шүтэлцэж оршиж байгаа зүй тогтлыг илэрхийлсэн юм.

Энэ удаагийн соёлын өдрүүдийн хүрээнд зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна  Итгэл, Түцний охид, Алсын удирдлага, Халуун зүрх гэсэн дөрвөн киног хятадын ард түмэнд үзүүлж байна. Мөн Үндэсний урлагийн их театрын Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран зохион  байгуулсан тоглолтыг Сувдан театрт тоглосон.

Монголын соёлын өдрүүдийг БНХАУ-д зохион байгуулахад тус улсын соёлын яам болон бусад холбогдох эрх бүхий байгууллагууд дэмжин ажиллаж иргэд нь ч ихээр үзэж, сонирхож байна.