Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд боллоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг 63.5 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдсан.
Дэлхийд зургаа дахь удаагаа тоосоо өргөж зорьсондоо хүрч мөнгөн медаль хүртсэн Б.Чинзоригтоо баяр хүргэе. Тэр олон жил боксдоо үнэнчээр зүтгэж дуслуулсан хөлс, хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлээ үнэлүүлж дэлхийн медальтан болж чадлаа.