NCAA-ийн нэгдүгээр дивизоны Дейтоны их сургуульд сагсан бөмбөгийн тэтгэлэгтэй суралцаж буй Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл NBA драфтад нийт 60 тоглогч оролцох эрхтэй байдаг бөгөөд Ш.Энхийн-Од жагсаалтын эхний 60-д шалгарч, NBA-ийн драфтад Ш.Энхийн-Одын нэр байршлаа. Дараагийн шат буюу NBA Draft 2023 сонгон шалгаруулалт нь зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд явагдах бөгөөд уг шалгаруулалтад тамирчид нэг л удаа оролцох эрхтэй байдаг аж.
Энэ талаар “ESPN”-ийн Жонатан Живони “Майк Шаравжамц NBA-ийн драфтад нэрээ өгч ирэх улирал Дэйтоны их сургуульд суралцахгүй. Түүний хувьд өөр сургууль руу шилжих боломжтой боловч мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглохоор шийдсэн бололтой. Майк “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан” хэмээн мэдээлээд байсан бол өдгөө тэрээр албан ёсоор NBA драфтад өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ” хэмээв. Ш.Энхийн-Од нь өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.
Сэтгүүлч: Т.Бямбажаргал