Аялал жуулчлалын холбооны талаарх хуулийн төслийн заалттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна гэсэн заалт байна. Тэгсэн мөртлөө дөрөвдүгээр сарын 01-ны өдөр тайлангаа хүргүүлэх ёстой. Татварын тайлангаа өг гэж үүрэгжүүлээд төрийн байгууллага шиг болгочихсон байна. Төрийн бус байгууллагыг төрийн байгууллага шиг болгох үүргийг хуульд тусгасан байна. Төрийн бус байгууллагаа төр сонсдог байх учиртай. Олон нийтийн төрийн бус байгууллагыг төр хажуудаа авчраад уяж болж байгаа юм уу?" гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Аялал жуулчлалын чиглэлийн 300 орчим төрийн бус байгууллага бий. Зарим компани нь таван тамгатай. Төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замыг л нээж өгч байгаа. Эхний хурлаа хийчих. Тэгээд бүх зүйл нь шилэн байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм. Бүртгэлийн асуудал явагдах юм. Тэгэхгүй бол аль холбоо нь бүртгэлээ явуулах вэ гэдэг нь тодорхойгүй болоод байна. Тиймээс нэг л нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, аж ахуйн нэгжээ бүртгэнэ. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр сонгогдсон хүмүүс үндэсний хороодод ажиллана. Хуулиар зохицуулаагүй дотоод харилцааг холбооны дүрмээр зохицуулна" гэлээ. Аялал жуулчлалын холбооны талаарх хуулийн төслийн 26 дугаар зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгөв.
ҮЗЭХ: