УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр энэ үеэр "Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулсан. Тухайн үед манай нам эв, зүйгээ олоогүй С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь намын дарга нь мэдэгдэхгүй байсан. Тиймээс бүлгийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөр, өөрсдийн үзэл баримтлалаараа санал өгсөн. Үүний үр дүнд "давхар дээл"-тэй болсныг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр Сонгуулийн хуулийг дагасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нөхцөл, байдал бий болж байна. МАН 38:38 гэсэн хувилбараар Сонгуулийн хуулийг өргөн барьсан. Энэ бол тактикийн өргөн барилт. Өөрөөр хэлбэл, "УИХ-ын гишүүд та бүхэн энэ хуулиар нэр дэвшиж чадахгүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тоог нэмэх асуудлыг шийдвэрлэ" гэсэн шахалт юм. Гэхдээ Ардчилсан нам улс төрийн түвшинд шийдвэрээ гаргаж чадахгүй байгаагаас үүдэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хойшлуулж магадгүй болоод байна. Ардчилсан намын хувьд даргатай, тамгатай, гэрчилгээтэй болсон.
Тиймээс намын удирдлагаас Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тодорхой түвшинд шийдвэр гаргаж Ардчилсан намын УИХ дахь бүлэг рүү ирүүлэх хэрэгтэй. Үүний дараа бүлэг хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэхээ шийдвэрлэнэ.
Намын удирдлагаас тодорхой шийдвэрийг маш яаралтай гаргаж өгөх хэрэгтэй. Бүлэг ирэх даваа гарагт шийдвэрээ гаргахгүй бол зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэл яагаад ч амжихгүй болох нөхцөл байдал руу орох гээд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 45 хоногийн хугацаатай хэлэлцдэг мөн Сонгуулийн хууль хэлэлцэнэ шүү дээ. Энэ асуудлыг дэмжээд явах нь эерэг үр дүн авчирна. Тиймээс намын удирдлагууд шийдвэрээ яаралтай бүлэгт хүргүүлэх хэрэгтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол асуудал нь гишүүдийн тоог нэмэх тухай байгаа. Би өнгөрсөн хугацаанд тойргийн иргэдтэйгээ уулзсан. Энэ үеэр иргэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжээгүй. Гэхдээ зарим гишүүд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж байгаа. Үүнд зөвтгөх шалтгаан бий. Миний хувьд 99 хүргэхэд болно гэж үзэж байгаа" гэлээ.
ҮЗЭХ: