Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолоор Даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өнгөрсөн долдугаар сард шинэчилсэн. Журмыг нь ирэх сарын 1-нээс мөрдөх болсноо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан мэдээлэв.
Шинэчилсэн жагсаалтын дагуу олгох эмийн үнийн хөнгөлөлтөд даатгалаас 34.9 тэрбум төгрөг зарцуулах болжээ. Дээрх жагсаалтыг шинэчлэхдээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, АНУ, Европ, Азийн орнуудад үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын олон улсын гэрчилгээтэй эмүүдийг багтаажээ.
Тодруулбал, насанд хүрэгчдэд зориулсан, өргөн хэрэглээний 175 ерөнхий нэршлийн 643, хүүхдийн 53 төрлийн 159, нийт 800 гаруй нэрийн эмд 20-80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Ингэхдээ улсын хэмжээнд даатгалаар үйлчлэх эрхтэй 1000 гаруй эмийн сангаар олгох аж. Иргэд эмийн шинэчилсэн жагсаалтыг ЭМДЕГ-ын албан ёсны сайтаас харах боломжтой.