Япон улсад “3х3” сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн болох “Utsunomiya Opener” энэ сарын 29-ний /2023.04.29/ өдөр эхэлнэ. Парисын олимпын эрх авахын тул тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо нөлөө үзүүлэх юм. Одоогоор манай улс дэлхийд “3х3” сагсан бөмбөгийн клубүүдийн чансаагаар эхний арван байрт “Сансар ММС Энержи” болон “Улаанбаатар ММС Энержи” багууд багтаж буй.
Тус хоёр баг “Utsunomiya Opener”-т оролцох бөгөөд “Сансар ММС Энержи” баг “А” хэсэгт, “Улаанбаатар ММС Энержи” баг “В” хэсэгт багтжээ. Мөн “А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон АНУ-ын Майами багууд орсон бол “В” хэсэгт Литвийн Раудондварис Хопстранс болон Сербийн Партизан багууд багтаж байна.
Сонирхуулахад, гэмтэлтэй байгаа Э.Дөлгөөнийг орлож, Л.Авирмэд “Улаанбаатар ММС Энержи” багаас тоглоно. Харин дэлхийн шилдгүүдийн нэг, “Сансар ММС Энержи” багт нэгдээд удаагүй байгаа Сербийн Александр Ратков Монголын төлөө анхны тэмцээндээ оролцоход бэлэн болсон байна.