Их эзэн Чингис хааны мэндэлсэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардууллаа.
"THE HU” хамтлаг гадаадад тоглолттой эзгүй байгаа тул хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт “Чингис хаан” одонг гардуулан өгсөн юм.
“THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог баярын сэтгэгдлээ илэрхийлж хэлсэн үгэндээ тэрбээр "Дээд хөх тэнгэр дэргэдэх өвөг дээдэс, Их эзэн Чингис хаан минь ээ. Мөрийн зэрэгт хүргэгдэж, төрийн хэрэгт өргөгдсөндөө мөхөс би талархан нэгэнтээ мэхийн ёсолъё.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа, Эрхэм хүндэт Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа мэргэн сайд, цэцэн түшмэд та бүхэндээ хоёронтоо мэхийн ёсолъё. Эрхэмсэг Монгол соёлын дээд оршихуй төр ёсны алдар хүндэтгэлийг хүлээсэн номун мэргэн урлагийн зүтгэлтнүүд, нэр цуутай хамтран зүтгэгчидээ, эрч хүч, хөдөлмөр зүтгэл, бяр чадлаа гайхуулж Монголыг дэлхийд тамгалсан хүчтэнүүдээ, анд найз нараа, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхэндээ гурвантаа мэхийн ёсолъё.
Б.Дашдондог миний бие та бүхэндээ өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийн билэгт сайн өдрөөр Hu хамтлагийнхаа эрч хүчтэй эрэлхэг цоглог залуучууд болон удам сударт ах дүүсийнхээ нэрийн өмнөөс Их эзэн Чингис хааныхаа мэлмий гийсэн Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
Өлзий учралт билэгт сайн энэ өдөр төрийн сүлд ёсөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор, мөнх тэнгэрийн ташуур эзэн Чингис хааныхаа нэрийг адисласан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж “Hu” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Hu” хамтлагийн хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэстэн соёлын урлаг эх орноо сурталчилж нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлж байна. Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой юм шүү" гэсэн юм.