Яллагдагч Ж.Батзандан "Эхнэрээ эмчлүүлж, хүүхдүүдээ харна" хэмээн хилийн хориг тавьсан хязгаарлалтаа өөрчлүүлж, БНСУ руу яваад иржээ

Яллагдагч Ж.Батзандан "Эхнэрээ эмчлүүлж, хүүхдүүдээ харна" хэмээн хилийн хориг тавьсан хязгаарлалтаа өөрчлүүлж, БНСУ руу яваад иржээ

Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан БНСУ-ыг зорьсон ч өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Учир сүүлийн жилүүдэд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон мөрдөх шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд 100 гаруй хүн гадаад улс руу явж, улмаар оргон зайлсан байдаг.

Тиймээс ч тэдгээр хүмүүсийг Засгийн газраас зарласан 5 Ш хөтөлбөрийн "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулах гэж байгаа. Энэ ч утгаараа авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, хоёр сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг яагаад гаднын улс орон руу явав, оргон зайлсан юм биш биз гэх хардлага олон нийтийн дунд хөвөрч байна. 

Тэгвэл Ж.Батзандан нь "БНСУ-д эхнэрээ эмчлүүлж, хүүхдүүдээ гарах зайлшгүй шаардлагатай" хэмээн энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлж, БНСУ руу явсан байна. 

Тэрбээр "мөрдөх шалгах ажиллагаанд саад учруулахгүй, дуудсан цагт ирнэ" хэмээн эх орноосоо явсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Ташрамд өгүүлэхэд,  Ж.Батзанданг “Улс төрийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд байнга тогтвортой оролцсон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан" Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.