Энэ жил Төрийн дээд-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг The HU хамтлагт гардуулах болсон тухай дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарласан.
“Чингис хаан” одонг гардуулахаар болсон мэдээлэлтэй холбогдуулан The HU хамтлагийн продюсер Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь сонслоо.
-Сайн байна уу та. Төрийн дээд-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг THE HU хамтлагт өгөхөөр боллоо. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Сая хүмүүс утсаар холбогдож мэдэгдлээ. Энэ одонг хүртэх талаараа мэдээгүй байсан. Дөнгөж сая л мэдлээ. Маш том хүндэтгэл шүү дээ. Их баярлаж байна. The HU хамтлаг болон хамт олон маань маш их баярлаж байгаа байх, ойлгомжтой шүү дээ. Манай хамтлагийнхан гадаадад тоглолтоор явж байгаа. Манай хэд тус шагналыг авах болсноо мэдсэн байх аа. Эсвэл хараагүй явж байдаг юм болов уу. Миний хувьд одоохондоо арай л холбогдоогүй байна. Ямартай ч ийм сайхан одон авах болсныг маш том хүндэтгэл гэж харж байна. Энэ их хүндэтгэл, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй амжилттай ажиллах юмсан гэж бодох юм. Шагнал авах тусам илүү их итгэл, хариуцлага ирдэг юм байна. Илүү хариуцлагатай байх болно.
-The HU хамтлаг одоо хаана тоглолттой байгаа вэ?
-АНУ-д тоглолттой яваа. Арванхоёрдугаар сарын дунд хүртэл тоглолттой. Нийт 60 гаруй тоглолттой. 60 гаруй тоглолтоос 30-40 ийг л тоглоод байна. Тоглолтоо дуусгаад л ирнэ дээ.
-“Чингис хаан” одонг энэ сарын 27-ны өдөр буюу Чингис хааны мэндэлсний өдөр гардуулна. Энэ өдөр The HU хамтлагийнхан гадаадад тоглолттой учраас одонг гардан авч чадахгүй юм байна. Тийм үү?
- Би төлөөлж очиж авна даа. Хамтлагийнхан маань ирж чадахгүй л дээ. Төлөвлөсөн тоглолттой учраас таслаж болохгүй. Гэрээтэй ажил шүү дээ.