Л.Батаа: Б.Намхайжамц хүүг анх харахад Ерөнхий сайдтай адилхан харагдаагүй

Л.Батаа: Б.Намхайжамц хүүг анх харахад Ерөнхий сайдтай адилхан харагдаагүй

Энэ сарын 13-ны өдөр /2019.11.13/ олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй адилханцарайтай хүүгийн зураг тарсан. Хүүгийн зургийг харсан хүмүүсийн зарим нь Ерөнхий сайдын багын зураг, эсвэл хамаатан нь хэмээн бичиж байв.

Мөн Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биедээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна. Хар зургийг өнгөт  болгож сэргээсэн хүнд баярлалаа” гэж бичсэн байв.

Гэтэл энэ нь Ерөнхий сайдын багынх нь зураг бус Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын зургаан настай хүү Б.Намхайжамцын зураг болж таарсан юм. Тэрбээр өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд нэгдүгээр ангид суралцаж байгаа юм.

Б.Намхайжамц хүү болсон үйл явдлын талаархэвлэлд ярилцлага өгөхдөө “ Намайг хөдөө гэртээ байж байтал нэг танихгүй зурагчин дарсан. Миний үс арзайчихсан байна лээ. Зургаа харчихаад өөрөөсөө ичээд байсан. Миний зургийг нэг хүнтэй адилхан болчихсон гээд хүмүүс нэг ойлгогдохгүй юм яриад байна лээ. Фэйсбүүк дээр миний зураг тавигдчихсан гэхээр надад муухай санагдаж байна” гэж ярьжээ.

Тэгвэл бид Б.Намхайжамц хүүгийн зургийг дарсан зурагчин Л.Батаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Сайн байна уу та. Таны дарсан Б.Намхайжамц хүүгийн зураг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зурагтай андуурагдаж сошиол орчинд нэлээн тархлаа.Та хүүгийн зургийг хэзээ, хаана авсан бэ?

-Сайн байна уу. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум их сайхан нутагтай. Зав гарвал л би энэ нутаг руу очиж амрах дуртай юм. Өнгөрсөн жил энэ сумын нутгаар явж байгаад Удган гэж багт очиж үзмээр санагдаад очсон. Энэ багт очижхөгшдийн зураг дарж байгаад нэг айлд Б.Намхайжамц хүүтэй таарсан юм. Үүдээр ороод ирэхэд нь л чих нь гэрэлтээд хөөрхөн санагдаад “Ах нь зургийг зургийг нь дарчихье. Зогсож байдаа” гэж хэлээд л зургийг нь авсан юм.

-Хүүг анх харахад таньд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй адилхан харагдсан уу?

-Үгүй. Ер тийм зүйл бодогдоогүй. Сэргэлэн хөөрхөн хүү л байсан. Би зургийг фэйсбүүкт оруулахдаа хүртэл “Өглөөний мэндээ” гэж оруулсан.

-Гэтэл ЗГХЭГ-ын хэвлэлийн албаны дарга Б.Намхайжамц хүүгийн зургийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг гэж хэлсэн. Мөн хар зургийг өнгөт болгож сэргээсэн хүнд баярлалаа гэсэн байсан шүү дээ. Таньд ямар санагдсан бэ?

- Би тэр постыг харсан. Хараад “За арай ч ингэж бүлтэрч болохгүй шүү. 2018 оны 11 сарын 10-нд миний дарсан зураг” гэсэн сэтгэгдлийг пост дор нь бичсэн. Намайг сэтгэгдэл бичсэний дараа постоо устгасан байна лээ.

-Хүүгийн эцэг, эх таньтай холбогдсон уу?

-Нутгийнх нь таньдаг хүмүүс хүртэл их дургүй байна лээ. Над руу зөндөө л бичсэн. Би хүмүүс дургүйцвэл зургийг нь дардаггүй мөн тавьдаггүй.

-Тэгэхээр та одоо хүүгийн зургийг фэйсбүүкээсээ авсан гэсэн үг үү?

-Тийм.

-Анзаарахад та хүүхдийн хөрөг зураг их дардаг юм байна. Хэдэн жил зураг дарж байна?

-Би мэргэжлийн зурагчин биш. Ер нь ахуй бас хөрөг зураг дарах гэж оролддог. Би чинь тэс өөр мэргэжилтэй хүн шүү дээ. Сонирхогч л юм уу даа.

-Таны нэрийг сайтуудаар Батдарь гэж бичсэн байна лээ?

-Тийм байна лээ. Намайг Батаа гэдэг. Би зургаа тамгалахдаа Батдарь гэж тамгалдаг юм. Миний гэргийн нэрийг Дарьсүрэн гэдэг юм. Тэгээд л Батдарь болгосон юм.