Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс

Аккумулятор холбож асаахад хориглох зүйлс

Машин холбож асаахад анхаарах хэд хэдэн зүйлс байдаг. Эдгээр зөвлөмжийг дагаснаар аюулгүй асаахад тус болно.

АНХААРУУЛГА

  • Суусан болон холбогч машины аккумулятор ижилхэн вольттой байх ёстой (ихэнх аккумулятор 12в байдаг) мөн ойролцоо ампер цагтай байхыг үйлдвэрлэгчийн гарын авлага ном дээр зөвлөдөг.
  • 2 машиныг ойртуулан зогсоох хэрэгтэй. Гэхдээ хооронд нь хүргэж болохгүй. Ингэвэл богино холболт үүснэ.
  • 2 машины түлхүүрийг хариулж, гэрэл болон бусад цахилгаан хэрэгслийг унтраасан байх хэрэгтэй. Мөн машиныг P араанд эсвэл N араанд хийгээд гар тоормосоо татсан байвал зохино.
  • Холбох үедээ ойролцоо тамхи татах хориотой. Галын цог, оч аккумулятор дэлбэрэхэд хүргэж болзошгүй.
  • Хэрвээ суусан машины аккумулятор ХӨЛДСӨН бол холбоод хэрэггүй! Хөлдсөн аккумулятор дэлбэрдэг. Хөлдсөн эсэхийг аккумуляторын цэнэгийн индикатор цонхоор хараад мэдэх боломжтой. Мөн хөлдсөн аккумулятор пөмбийсөн байдаг.
  • Нэмэхийг нь нэмэх шонд, хасахыг нь хасах шонд холбохоо маш сайн анхаараарай. Хооронд нь соливол гал хамгаалагч шатна. Тиймээс маш хянамгай байгаарай.
  • Суусан машины холбогчийн (-) шоныг хөдөлгөөнтэй эд анги, түлшний систем, цахилгаан эд ангитай холбож болохгүй. Хамгийн тохиромжтой амортизаторын тавагны боолт эсвэл үйлдвэрлэгчээс зөвлөсөн тухайн хэсэгт.

Санамж: Суусан машины аккумуляторын хасах шонд холбогчийг холбож болохгүй. Учир нь холбох үед оч үсэрдэг бөгөөд үүнээс болж аккумулятор тэсрэх аюултай байдаг. Тиймээс хөдөлгүүрийн металл хэсэгт - шонг холбоорой.