Алс холын БНСУ-д бөөрний хүнд хэлбэрийн хагалгаанд орж, эрүүл болж буй ETV-гийн сэтгүүлч М.Уянгатай ярилцлаа. Тэрээр бөөрний дутагдлын улмаас 150 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орсон билээ. Дээрх хагалгааны зардлыг сэтгүүл зүйн салбарынхан нэгдэж ийнхүү нэг сэтгүүлчид амьдрал бэлэглэсэн юм.
-"БҮЛЭГ ИЖИЛСҮҮЛЭХ" ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛГЭЖ БАЙНА-
-Сайн байна уу. Хагалгаа амжилттай болсон гэсэн мэдээлэл авлаа. Баяр хүргэе. Биеийн байдал хэр байна вэ?
-За маш их баярлалаа. Биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байна. Ямар ч байсан хагалгаа өнгөрөгч аравдугаар сарын 24-нд маш амжилттай хийгдсэн. Хагалгааны дараа хэсэг гайгүй байсан. Гэтэл эсрэг биет ихсээд бие жаахан эвгүйрхсэн. Одоогийн байдлаар бүлэг ижилсүүлэх эмчилгээг хийлгэж байна. Энэ долоо хоногт бүтэн хийлгэнэ гэсэн. Хагалгаа тооцоолж байснаас илүү сайн болсон гэж эмч хэлсэн.
Манай дунд ах миний бөөрний донор болоод хагалгаа хийлгээд бие нь сайжраад бүтэн сайнд буцсан. Ах минь олон хүүхэдтэй болохоор гэр рүүгээ яараад тэнхрэнгүүтээ шууд нутаг буцсан. Манай ахын нэг бөөрийг аваад миний биед хийсэн. Ингээд би гурван бөөртэй болчихсон. Тэнхрээд байж байна даа.
-Монголдоо хэр удаж байж ирэх вэ?
-Хагалгаа сайн болсон ч эсрэг биет гэж айхтар зүйл хүний биед байдаг юм байна. Гадны биетийг таниад ховхолдог юм гэнэ. Миний бие хийгдсэн өөр бөөрийг хүлээж авахгүй байгаа гэсэн үг юм. Тэрний эсрэг бүлэг ижилсүүлэх эмчилгээ хийлгэж байгаа юм. Монгол руугаа хэдийгээр буцахаа сайн хэлж мэдэхгүй байна. Барагцаагаар зургаан сар болох болов уу. Монголд очоод бүлэг ижилсүүлэх эмчилгээ хийлгэх боломжгүй учраас бүрэн сайжиртлаа энэ эмнэлгийнхээ хяналтанд байх шаардлагатай байна. Одоо ямар ч асуудалгүй ээ гэсэн цагт нь буцна даа.
-Хагалгааны зардлаас гадна өдрийн эмчилгээний өртөг их өндөр гэж байсан? Энэ талаар?
-Ер нь бол би асар өндөр зардлаар эмчлүүлж байгаа. Би энэ эмнэлгийг сурталчлах ажилд нь тусалж байгаа юм. Миний тухай жижиг баримтат кино хийгээд олон нийтэд хүргэх юм билээ. Эндхийн өдөр тутмын сонин нь надаас ирж ярилцлага авах тухайгаа хэлсэн.
Намайг Монголын ард түмэн тэр чигтээ чих тавин хүлээж байгаа гэдэг утгаараа нилээн сайн эмчилгээ хийгээд нэмэлт өртөг авахгүй байгаа.
-Та хэзээ бөөр солиулахаас өөр эмчилгээгүй гэдгээ мэдсэн бэ?
-2016 оноос Монгол эмч нараас дуулсан. Тэр үедээ Монгол цусны аппарат болон бөөрний гемодиализын аппаратанд орох хоёр л эмчилгээ байгаа. Энэ хоёр эмчилгээг удаан хийлгэх боломжгүй. Тийм болохоор явцдаа бөөр солиулахаас өөр аргагүй гэж байсан.
-БӨӨРНИЙ ДУТАГДАЛТАЙ ГЭЖ СОНСООД МАШ ХАРАНХУЙ ГУРВАН ЖИЛ АМЬДАРСАН-
-Удаан эмчилгээ хийлгэж байсан юм байна. Тиймүү?
-Тийн. 2016 оноос хойш хагалгаанаас өөр юм бодохгүй л явдаг байлаа. Байнгын л өвчин зовлонтой. Бөөрний дутагдал гэж оношлогдоод байнга л эмчилгээ хийлгэж, уйлж, шантарч байсан үе. Одоо эргээд бодоход хүүгээ ч хаячихсан байдаг байж. Маш харанхуй гурван жил амьдарсан.
-Яагаад бөөрний дутагдалтай болсон байв. Учир шалтгаан яг юунд байсан бэ?
-Монголд эмчилгээ хийлгэж байхад надад тоймтой юм хэлээгүй. Энд ирэхдээ миний бие бүх талаараа эцсийн шатандаа ороод ирсэн болохоор энэ эмнэлгээс тодорхойлох боломжгүй гэж хэлсэн. Энэ эмнэлэг надад хэлэхдээ "Хэрэв бөөр тань жаахан ажиллагаатай байсан бол дээж аваад юунаас болсныг нь тодорхойлж болох байсан. Даанч хоёр бөөр тань хоёулаа ямар ч ажиллагаагүй ирсэн учраас одоо оношлох боломжгүй байна" гэсэн. Тийм учраас яг юунаас болоод бөөрний дутагдалд орсноо мэдэж чадаагүй.
-Таныг хагалгаа хийлгэж эрүүл саруул болоод эргээд сэтгүүл зүйн салбартаа ирээсэй гэж маш олон сэтгүүлч нар нэгдэж аян өрнүүлж эхэлсэн шүү дээ. Аян эхэлж байхад 120 сая төгрөг бүрдэнэ гэдэгт итгэлтэй байсан уу?
-2019 оны наймдугаар сард анх аян эхэлсэн. Нийтдээ аравхан хоногийн дотор 120 сая төгрөг цуглаад энд ирсэний дараа дахин долоо хоногийн дотор 30 сая төгрөг цугласан. Ингээд л эмчилгээний зардал 100% бүрдчихсэн. Би бүүр өөрөө ч итгэхгүй байсан. /инээв сурв/
-Маш олон хүн таны төлөө нэгдэж, зүтгэж байгааг харах сайхан байсан болов уу?
-Тийн. Их гоё байсан. Аян эхлээд л “За би ямар ч байсан цаашид амьдрах л юм байна гэж бодсон. Нэг хэсэг үхлээс өөр зүйл бодохгүй болсон байсан. Өдөр бүр үхчихвэл муу хүү минь яах бол гэж боддог байлаа.
-Аравхан хоногийн дотор тэр их мөнгө цугласан гэсэн мэдээг сонсох ямар байсан бэ?
-Гоё гэхээсээ илүү аймар санагдаж байсан.
-Яагаад?
-Жоохон айдастай байсан. Яагаад гэхээр ийм их хүн ингэж миний төлөө зүтгэж сэтгэл гаргаж байхад хагалгаа амжилттай болдог л байгаа даа гэсэн бодол төрсөн. Янз бүрийн л зүйл бодогдож байсан даа. Баярлах, гайхах зэрэгцээд байсан. Маш их үүрэг хариуцлага хүлээж байгаа ч юм шиг санагдаад байсан. Энэ олон хүний итгэлийг алдахгүй амьд үлдчих юмсан. Хагалгаа амжилттай болоосой гэсэн бодол хамгийн түрүүнд төрдөг юм билээ. Мөн би их азтай хүн юм аа гэж бодоод байгаа. Яагаад гэхээр БНСУ-даа хамгийн шилдэг, дэлхийд эмчилгээгээрээ 17-т жагсдаг эмнэлгийг олоод ирчихсэн.
-НАМАЙГ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ХҮҮХЭД ГАРГАЖ БОЛНО. ЯГ ЭРҮҮЛ ХҮН ШИГ БОЛНО ГЭСЭН-
-Эмнэлгээ хэрхэн яаж олж мэдэж очиж байв?
-Энэ эмчлүүлж байгаа эмнэлгээ би өөрөө олсон. Мэдээ бэлдээд сурвалжилга хийгээд явж байхад нэгдүгээр эмнэлгийнхэнтэй Асан эмнэлэг хамтарч ажиллаж байсантай таарсан. Тэр үед бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэсэн мэдээг бэлдэж гаргаж байсан.
Тэгээд л би энэ эмнэлгийн төлөөлөгчийн газарт нь очиж уулзаад материалаа явуулаад шууд л ирэхээр болсон. Янз бүрийн эмнэлгээр явж цаг алдаж, хөрөнгө зараагүй шууд л бүтчихсэн. Энэ бол миний сэтгүүлч мэргэжлийн буян юм даа. Ерөөсөө алга урвуулахын хооронд л бүх юм болж өнгөрөөд ар араасаа бүх юм бүтээд сайхан байсан. Хамгийн сүүлд хагалгаа маш амжилттай болоод одоо нэг сэтгэл уужраад эмчилгээгээ хийлгээд байж байна.
-Шинээр амьдарч эхэлж буй мэт сэтгэгдэл төрж байгаа байхдаа. Гурван жилийн турш үхлийн тухай бодож явна гэдэг амаргүй байсан байх?
-Яг тийм. Одоо бол шал өөр зүйлийг бодох болсон. Намайг хоёр жилийн дараа хүүхэд гаргаж болно гэсэн. Одоо л амьдрал дөнгөж эхэлж байгаа юм шиг санагдаад өөрийгөө залуу байгааг улам мэдэрч сууна.
-Анх аян эхлүүлэх санааг хэн гаргаж байсан бэ. ETV-гийн хамт олон санаачилж байсан санагдаж байна?
-Тэгсэн. Манай найз etv-гийн сэтгүүлч н.Мөнгөнчимэг эмнэлэгт муу байхад ирээд уулзсан. Түүний дараа надруу ярьсан. Ингэхдээ ямар боломж байна гэж асуусан. Тэгэхээр нь би гадаад явахаас өөр аргагүй юм байна. Өчнөөн их мөнгө шаардагдана гэсэн. Тэгсэн манай найз амьд л үлдэж байвал одоо нэрэлхэж суух цаг биш ээ. Хамаагүй тэр аян зохион байгуулаад бүх боломж бололцоогоо дайчлах хэрэгтэй байна гэж хэлж байсан. Чи хүүгээ бодоод зүтгээд үзээч дээ гэж ятгаж байсан. Тэгээд энэ саналыг хэд хоног бодож үзээд Монголд үхлээ хүлээж хэвтэж байхаар зүтгээд үзье гэж шийдээд ажлынхан руугаа ярьсан. Ингээд л манай хамт олон бүгд чадах бүхнээ хийсэн. Мөн манай нөхрийн найзууд бүхий л арга хэмжээг авч тусалсан.
-“МИНИЙ ХҮҮ ЭЭЖ НЬ ЗҮГЭЭР БОЛЧИХЛОО” ГЭСЭН ЧИНЬ ШУУД УЙЛЧИХСАН-
-Тэдгээр хүмүүстээ баярлалаа гэж хэлж амжаагүй байна уу?
-Тэр их хүнд баярлалаа ч гэхэд багадна. Маш их хүн надад тусалсан. Хэнд ч баярлалаа гэж хэлж амжаагүй байна. Би яажшуухан ачийг нь хариулах вэ? гээд л бодож байна даа.
-Хүү тань хагалгаа амжилттай боллоо гэхийг сонсоод их баярласан уу?
-Тэгсэн. Миний хүү чинь хагалгаанд орсны дараа “Ээж нь зүгээр болчихлоо. Нөгөө гуурсаа авахуулчихлаа” гээд утсаар ярьсан чинь шууд уйлсан. Одоо гуурсаа авсан бол хурдан хүрээд ир гэсэн. Харин би хүүдээ “Арай болоогүй байна. Гуурс авчихсан чинь гэдсэн дээр шарх үүсчихсэн. Тэрийгээ эдгээж байж очно” гэж хэлсэн. Одоо над руу залгаад “Шарх чинь эдгэсэн үү?, Эмээ уусан уу? Гэж асууна. Хүүгээ санаад жаахан хэцүү л байна. Гэхдээ одоо эдгээж очоод байнга хамт байх юм чинь гэж бодож байна.
-Нөхөр тань төдийгөөс өдий хүртэл өвдөх тоолонд шаналаад асараад хамт байлаа шүү дээ?
-Одоо ч нөхөр маань миний дэргэд сууж байна. Нөхрийнхөө хүчинд энэ бүхнийг давж гарлаа. Ганцаараа байсан бол яах байсан бол.
-Өвдсөн хүний хажууд байгаа хүн их шаналдаг болов уу?
-Ер нь бол өвдөж байгаа нь л би болохоос яг үнэндээ манай хүн нилээн хэцүү зүйлийг давж гарч байна. Энэ хугацаанд нөхрийгөө хараад байхад их хэцүү байсан. Зарим хүн бол шантраад зугтмаар л он цагуудыг хамт өнгөрүүллээ. Ямар ч үед хамт байсан. Хагалгааны дараа олон хоног нойр хоолгүй намайг сахиад л. “За одоо хоёулаа айдгаа авдартаа хийчихлээ шүү" гээд л маш их баярласан даа миний хань.
-Төсөөлөхөд их сайхан байна?
-Эхний долоо хоног бол маш хүнд өнгөрсөн. Юм ярих ч тэнхэлгүй. Бие тогтворгүй байлаа. Тэр үед миний нөхөр “Одоо ингээд бүх юм ард үлдсэн. Чи өөр юм битгий бодоорой. Хоёулаа тун удахгүй босоод хөөрхөн хүү дээрээ хөтлөлцөөд хамт очно шүү" гэж хэлээд л хажууд байсан даа. Тэр үг, хайр халамж их тэнхээ хайрласан.
Мөн би хагалгааны дараа алхаж сурах гэж багагүй удсан. Бас огцом жин хасаад 44 кг болоод их тамирдсан. Их тамирдсан байсан учраас эмнэлэгт явж байгаад ухаан алдаж унаад нөхрийгөө их сандаргаж айлгалаа.
-Та хагалгаанд орохынхоо өмнө айсан уу?
-Анх энэ эмнэлэгт ирээд эмч нарын хяналтанд ороод эмч нарын ур чадвар болон сувилагч нарын харилцаа хандлагыг хараад их итгэл төрсөн. Надад хагалгаа хийсэн эмч энэ эмнэлэгтээ л маш сайн нь юм билээ. Би огт айгаагүй. Нэг ч удаа хагалгаа амжилтгүй болно гэж бодож байгаагүй. Зөвөлгөө өгч байгаа нь хүртэл их итгэл төрүүлсэн. Тийм болохоор энэ эмч нар хагалгаандаа алдана гэж байхгүй гэсэн бодол л төрж байсан. Сайн эмч нар хараад хүн ерөөсөө санаа зовохоо больчихдог юм билээ.
Хагалгааны дараа эмч маань орж ирээд маш амжилттай болсон шүү гээд өөрөө хүртэл их баяртай байсан. Маш сайхан эрүүл бөөр хийсэн. Одоо бол айх хэрэггүй гэсэн.
-Шинэ амьдралдаа сэтгэл амар гүйгээд л байж дээ?
-Харин тийм. Шинэ амьдрал эхэлж, шинээр өөрийн гэсэн амьдралаа одоо л төвхнүүлэх гэж байна даа. Сүүлийн гурван жил бид гурав хөмөрсөн тогоонд л эргэлдээд байсан байж. Олигтой ч идэж ууж чадахгүй. Олсон хэдэн төгрөгөөрөө шууд л эм авдаг байсан шүү дээ. Их олон зорилготой болчихлоо доо/ инээв сурв/
-МАНАЙ НӨХӨР ӨРӨӨГ ЦЭВЭРЛЭСЭН ХҮНИЙ ӨМНӨ ХҮРТЭЛ "БАЯРАЛАА" ГЭЭД БӨХӨЛЗДӨГ-
-Хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна вэ?
-Хамгийн эхэнд хүүгээ л сайн анхаармаар байна. Өнгөрсөн хугацаанд бие муу байсан болохоор сайн ч тэвэрч байгаагүй. Монголдоо очоод хөдөө гадаа явуулмаар байна, дугуйланд явуулмаар байна, сайхан хамт баймаар байна. Хоёрт нь мэдээж ажлаа хийнэ. Ямар ч байсан дахиад өвдөхгүй гэхээр л маш сайхан байна.
-Салбарын сэтгүүлчид маань хагалгааны зардал бүрдээд чамайг хагалгаандаа орохоор явж байна гэхэд их баярлаж байсан шүү?
-Тийм байх шүү. Сэтгүүлч нартаа маш их баярлаад л байгаа. Одоо хоёрхон сарын дараа эрүүл болно гэж эмч хэлсэн. Тиймээс Монголдоо очих гээд хоног тоолоод л сууна. Одоо бодоход нөхөр хүүхэд хоёроо их зовоож байж дээ. Цаг хугацаа надад их байна. Өнгөрсөн цаг хугацаагаа нөхнө дөө. Биенд гуурс байхгүй болсон чинь хөнгөрөөд сайхан байна.
-Хагалгаа амжилттай болсон. Эрүүл болж байгаа гэдгээ бүх хүнд хүргэж чадсан уу?
-Манай нөхөр хагалгааны дараахан фэйсбүүктээ пост оруулсан байсан. Сайхан мэдээг сонсоод маш их хүн баярлаж байна лээ. Одоо хүнд хар буруу санахгүй, сайхан зөв амьдрах юмсан л гэж бодож байна. Хүнд муу санаж, муу зүйл хийж байгаагүй болохоор дахин амьдарч байна гэж ойлгож байгаа. Хэрэв би хүнд муу санаж, муу зүйл их хийсэн бол хэн надад туслах вэ дээ. Дээрээс нь мэргэжлийн буян гэж байна шүү. Ер нь зөв яаваа хүнийг хүн ч тэр бурхан ч тэр хардаг л юм байна гэж бодож байна.
Манай хамт олон маш их баяртай байгаа. Надруу захиа явуулаад л "Хурдан ирээрэй" гээд ярьна. Мөн манайхан байнга одоо яаж байна гэж ярьж байна. Тэгээд нэг л зүйлийг захьдаг. “Гол нь М.Уянга минь эрүүл болох шүү” гэдэг. Энд манай нөхөр одоо цэвэрлэгч орж ирээд миний өрөөг цэвэрлэсэн чиг л “Баярлалаа гээд бөхөлзөөд байдаг. Намайг "баярлалаа" гээд Солонгосоор хэл гэдэг. Би буруу зөрүү хэлчих байх гээд санаа зовоод байдаг юм. Энэ эмнэлгийнхэн манай хүнд их сайн болчихсон. Зовлонтой үед ч тэр, жаргалтай үед ч тэр хамт байдаг хүн хүний хань л юм байна. Жаргалтай үед ч тэр минь хамт байсан. Зовлон тохиоход хүртэл одоо ч тэр миний дэргэд байж л байна. Одоо хоёулаа цаашид сайхан амьдрал цогцлооно шүү гээд л ярьдаг.
-Энэ их болсон зүйлийг эргээд бодоход гайхамшиг ч юм шиг?
-Зарим хүмүүст энэ хагалгаа энгийн мэт санагдаж болох ч миний хувьд амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн хагалгаа байсан. Энэ бол бүгд үнэхээр гайхамшиг болоод байна. Хэзээ ч би өөрийгөө хандив цуглуулаад гадагшаа явж хагалгаа хийлгэж эдгэнэ гэж бодож ч байгаагүй. Анх өвдөж байхдаа 100 гаруй сая төгрөг юм байна. Амьдралдаа харж ч байгаагүй мөнгө байна даа гээд л бодоод өнгөрч байсан. Болгоё гэвэл болдог л хорвоо юм байна.
-НАДАД ТУСАЛСАН ТООЛЖ БАРАШГҮЙ БҮХ ХҮНД МАШ ИХ БАЯРЛАЛАА-
-За ярилцлагаар дамжуулан тусалсан хүмүүст баярласан сэтгэгдлээ хэлэх байх гэж бодож байна?
-Тэгье. Хагалгааны дараа хүмүүст баярлаж байгаагаа ч хэлж амжаагүй байна. Намайг эдгээсэй гэж хүссэн маш олон хүн байгаа. Тэр олон хүний хүсэл сэтгэлийг алдалгүй хагалгаа амжилттай боллоо. Ямар ч байсан одоо бүрэн дүүрэн тэнхрэхээ хүлээгээд л байж байна. Тэр олон үнэн сэтгэлээсээ хүссэн хүслийг нь алдсангүй. Үүндээ би их баяртай байна. Өнөөдрийн миний энэ амьдралыг орвонгоор нь өөрчилж надад шинэ амьдрал бэлэглэсэн ажлынхаа хамт олон, Сэтгүүл зүйн салбарынхаа сэтгүүлчдэд, улс төр, бизнесийнхэн, жирийн иргэд, настангууд, оюутнууд гэх мэт тоолж барашгүй их хүн байгаа. Энэ их хүмүүсийн хүчээр шинэ амьдралаа нээж байна.
Шинэ амьдралдаа чанартай амьдрана гэдэг шиг сайхан амьдрахын төлөө хичээнэ. Ямар ч байсан таны надруу илгээсэн хандив талаар болоогүй шүү гэдгийг хэлмээр байна.
-Монгол руу яарч байна уу?
-Маш их яарч байна. Одоо очоод хүүгээ л нэг сайн тэвэрмээр байна.
-За цаг гаргаж ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Бие сайн тэнхрүүлээд Монголдоо хурдан ирээрэй.
-За баярлалаа та бүхэндээ. Үргэлж хамт байгаад баярлаад баршгүй.