Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний хулгайн асуудлыг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж, нэр бүхий албан тушаалтнуудыг саатуулан шалгаж байгаа. Мөн нүүрсний гэх тодотголтой хаагдаад байсан мөргөцгийн хэргийг сэргээн шалгахаар болсон билээ. Тэгвэл "Тавантолгой" ХК, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хооронд үүссэн 268.3 мянган тонн нүүрс, мөргөцгийн гэх хэргийг хэзээ, хэрхэн, ямар шалтгаанаар хаасан гэдгийг сурвалжиллаа.
-ТУСГАЙ МЭДЛЭГ БҮХИЙ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ, МЭДҮҮЛГИЙГ ҮНДЭСЛЭН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ХЭМЭЭН ХЭРГИЙГ ХААЖ БАЙЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 268.3 мянган тонн нүүрс, мөргөцөг алга болсон" талаар 2018 онд анх мэдээлж, энэ дагуу тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэх үүргийг өгсөн байдаг. Улмаар АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, "Тавантолгой" ХК-ийг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 20 орчим сая ам.долларын хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Тухайн үед "Тавантолгой" ХК нь 2012-2014 оны хооронд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосон. Үүний 240.8 мянган тонн исэлдсэн нүүрс, 63.5 мянган тонн нь коксжих нүүрс байсан нь тогтоогджээ. Харин тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт шинжээчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тус компани нь нүүрс тээврийн болон хөрс тээврийн уурхайн замыг байгуулахын тулд зэргэлдээ талбай руу зайлшгүй байдлаар хэтэрч нүүрс олборлосон болох нь тогтоогдсон аж. Тиймээс уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, ашиглалтын талбайн хил давж олборлосон нүүрсийг буцаан авах асуудлаар хоёр тал харилцан тохиролцож, гэрээ байгуулсан учир Иргэний хуулиар зохицуулагдах иргэний эрх зүйн маргаан гэж үзжээ. Тиймээс АТГ-ын 2021 оны аравдугаар сарын 29-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж, энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 255 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
-“ТАВАНТОЛГОЙ” БНХАУ-ЫН “ХУАЛАН ТЯНЬ ЖИН” ГЭХ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОЖ, МӨРГӨЦӨГ ОЛБОРЛОХ ЭРХИЙГ ОЛГОСОН ХЭРГИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ ГЭЭД ХААЖЭЭ-
Харин “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, БНХАУ-ын “Хуалан Тянь Жин” гэх компанид давуу байдал бий болгож, мөргөцөг олборлох эрхийг олгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй гэх үйлдэлд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх хэлтсээс 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, хэргийг харьяаллын дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Харин АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны зургадугаар сарын 08-ны өдөр хаах саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна. Улмаар тухайн оны зургадугаар сарын 22-ны 102 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.
Товчхондоо, Ерөнхий сайд нь шалгах үүрэг өгсөн нүүрсний гэх тодотголтой хэргийг З.Дашдаваа даргын удирддаг АТГ-ын мөрдөгчийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн "арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагч" гэгдэх Ц.Ариунболдын толгойлдог Нийслэлийн прокурорын газраас “гэмт хэргийн шинжгүй” хэмээн хаасан байна. Харин эл хэргийг нүүрсний дуулиан эхэлсэнтэй холбоотойгоор 2022 оны арванхоёрдугаар сард сэргээн, мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулж байгаа юм.
Үргэлжлэл бий.