ШУУХАЙ: ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэх Изинис Эйрвэйзийн онгоцноос "Хориглосон эд зүйлс илрээгүй" гэж дүгнэжээ

ШУУХАЙ: ОХУ руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэх Изинис Эйрвэйзийн онгоцноос "Хориглосон эд зүйлс илрээгүй" гэж дүгнэжээ

Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоц өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30 /2022.11.30/-ны өдөр БНХАУ-аас 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэн ОХУ-д очсон байж болзошгүй талаар Английн aviationsourcenews.com сайт мэдээлсэн. Мөн тус нислэгийнхээ үеэр онгоцны транспондер /ADS-B/ буюу байрлал мэдээлэх төхөөрөмжөө унтраасан гэж мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Харин “Изинис Эйрвэйз” компанийн удирдлагууд тус мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл хийх үеэрээ, “БНХАУ-аас тээвэрлэсэн ачааг, "иргэний зориулалттай хэдий ч хосолмол зориулалттай мэт харагдаж байна" гээд Давхар даатгалын компаниас нислэгийн зөвшөөрөл өгөөгүй. Иймд манай онгоц монголд газардсан” гэж мэдэгдсэн юм.  

Улмаар Ажлын хэсэг гарч, шалгалтын ажиллагааг явуулсан. Тэгвэл дээрх олны анхаарал татаад байгаа нислэгийн талаарх дүгнэлт гарсан байна. 

Тус дүгнэлтэд "Изинис Эйрвэйс” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр EZA /MG/802 аяллын дугаартай нислэгээр 15:33 /олон улсын цагаар/ (орон нутгийн цагаар 23:33) цагт БНХАУ-ын Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх буудлаас хөөрч “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 17:23 /олон улсын цагаар/ (орон нутгийн цагаар 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01:23) цагт буусан.

Монгол Улсын агаарын зайд үргэлжилсэн нислэгийн хугацаа 57 минут бөгөөд энэ хугацаанд нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд ашиглагддаг AIRCON2100 системийн дэлгэцэнд ажиглалтын ADS-B болон SSR тоног төхөөрөмжийн дохио алдагдсан мэдээлэл ирээгүй, ажиглагдаагүй.

Тус нислэгээр аюултай ачаа тээвэрлэх мэдээлэл ирүүлээгүй бөгөөд нийт 29 тонн ачаа орж ирсэн ба 12 дугаар сарын 05-ны өдөр ачааг агаарын хөлгөөс буулгаж, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Аюулгүй байдал, хамгаалалтын алба 1322 ачаанд аюулгүй байдлын үзлэг хийж, наалт наасан. Хориглосон эд зүйлс илрээгүй. Мөн “Изинис Эйрвэйс” ХХК-ийн А330-202 маягийн JU-1332 бүртгэлийн дугаартай агаарын хөлөг нь ОХУ-руу нислэг үйлдээгүй болно" гэжээ. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө