Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55%, манай улсад 63.9% байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн 5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм.
2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын, олон төвт STREAM эмнэлзүйн III үеийн (phase III) судалгааны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү судалгааг Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн судалгааны хэлтэс хариуцан, Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны Вайтал Стратежис байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Энэхүү судалгаа нь 2 үе шаттай бөгөөд судалгааны I шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг сүрьеэгийн дарамт өндөртэй 4 орон оролцож, ОЭТС-гийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ. Энэхүү үр дүн 2019 оны 3 дугаар сард “New England Journal of Medicine” хэмээх олон улсын нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн нь Монгол судлаачид болох доктор Ц.Базаррагчаа, Д.Должинсүрэн анх удаа энэ сэтгүүлд хэвлэн нийтэлж Монголын судлаачдын нэрийг дэлхийд гаргалаа.
ОЭТС-г эмчилгээний хугацааг богиносгосноор дэлхий нийтийн бодлого өөрчлөгдөхөд нөлөө үзүүлэхүйц өндөр чанартай нотолгоог бий болгож, өвчтөн, түүний гэр бүл болон эрүүл мэндийн салбарт үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байна.
Манай улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжинд богино хугацааны эмчилгээний горим орж, 2018 оноос сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд ОЭТС-г эмчилж эхэлсэн нь энэ судалгааны үр дүн хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл. 2019 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн байна.
Монгол улс олон улсын томоохон эмнэлзүйн судалгаанд анх удаа оролцож судалгааг амжилттай хэрэгжүүлж, олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. STREAM хэрэгжснээр манай улсад сүрьеэгийн чиглэлээр эмнэлзүйн томоохон судалгааг явуулах үндэсний чадавх бүрдлээ.
Судалгааны II шатанд бедаквилин хэмээх ОЭТС-г эмчлэхээр 40 гаруй жилийн дараа гарган авсан шинэ эмийн III үеийн судалгааг 2016 онд Монгол улс эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон. Бедаквилин эмийг ОЭТС-гийн эмчилгээнд хэрэглэснээр сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой нөлөөтэй канамицин тарилгыг хасаж бүх эмийг богино хугацаанд (9-сар) ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил ХӨСҮT дээр үргэлжилж байна. 41 хүнийг энэ горимоор эмчлээд байна.
Мөн STREAM нь дэргэд Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл ажилладаг бөгөөд гол үүрэг нь эмч, өвчтөн, судлаач, шийдвэр гаргагч, иргэд гээд бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, итгэлцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.