Энэ арванхоёрдугаар сарын 04 /2022.12.04/-ний өдөр эхэлсэн "Нүүрсний хулгайч"-дын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг цөөн тооны иргэд 18 дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Тэгвэл хотын дарга эхний ээлжид жагсагчдад хоёр гэр барих зөвшөөрөл олгоод байсан бол жагсаалын 13 дахь өдөр НЗДТГ-аас дахин хоёр гэр нэмж барьж өгсөн юм. Харин тус орчимд жагсаалын зорилгогүй зарим иргэд цугларч, нийгмийн хэм хэмжээ алдагдаж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн. Иймд бид жагсагчдын гэрээр орж, тэдний тавьж буй зөрүүтэй шаардлага болон байр суурийг сонслоо.
ВИДЕО:
-УЯАЧДЫН ХОЛБООНЫ ГЭХ ГЭРТ "ТУСГААР ТОГТНОЛ ХӨДӨЛГӨӨНИЙХНИЙГ СУЛЛА" ГЭСЭН ЛООЗОН БАЙРЛУУЛЖЭЭ-
Сүхбаатарын төв талбайн урд талын автомашины зогсоол дээр дөрвөн монгол гэр байрлах бөгөөд гадуур нь төмөр хашаагаар хүрээлүүлж цагдаагийн алба хаагчид хамгаалалтад зогсож, хүссэн хүн бүр дөрвөн гэрээр ээлжлэн орж гарах нь харагдана.
Баруун гар талын хамгийн захын гэр бол уяачдын холбооны өөрсдийн авчирч барьсан гэр бөгөөд дотроо дийлэнх нь 40-70 орчим насны иргэд хоорондоо их л чухал асуудал хэлэлцэж ярилцаж байгаа аятай харагдана.
Тэдний зарим нь гэрийн хоймор орчимд хэвтсэн байх бөгөөд тэдэнд бусад нь юу ярьж байгаа нь огт сонин биш аж. Иймд гэр доторх хамгийн чанга дуутай 60 орчим насны ахаас энэ гэрийнхний байр суурь болоод дотроо ямар хүмүүс байрлуулж байгаа талаар лавлахад тэрбээр “Хойно төв талбайд сууж байгаа улсууд залуу учраас тэндээ сууж байна. Над шиг хөгшин хүмүүс гэр дотроо хонож байгаа. Яахав даарсан бээрсэн хүмүүс орж ирж унтаж л байгаа юм л даа” гэх хариултыг өгөв.
Гэр доторхыг сайтар ажваас “тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг сулла”, “Монголын ард түмний онц их хурлыг зарла” гэх утга агуулга бүхий самбрыг хоймортоо өлгөж, дундаа дөрвөлжин модон ширээн дээр “УИХ тар” гэх хуудсыг тавьжээ.
-НЗДТГ-ААС ОЛГОСОН ГЭРТ "УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ТАР. ТӨРИЙН ЭРХИЙГ ӨӨРСДӨӨ АВНА" ГЭСЭН УТГАТАЙ ЛООЗОНГ ӨЛГӨЖЭЭ-
Анхандаа жагсагчдын зүгээс УИХ, ЗГ-ийг тараахгүй харин ч хариуцлагаа тооцохыг шаардаж байсан бол ийнхүү УИХ тар гэх бичиг нь зохион байгуулалттай байж болзошгүй гэх хардлагыг ч төрүүлснийг нуух юун. Харин баруун гар талаасаа хоёр, гурав дахь гэрийн хувьд дийлэнх нь залуучууд байрлаж байгаа нь илхнээ харагдана. Энэ гэрээс жагсаалын 16 дахь өдөр 17 настай эмэгтэй осголтын өмнөх байдалтайгаар эмнэлгийн анхны тусламж авч хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдлаар жагсагчдаас асуухад “Одоогоор хэвийн байгаа. Бид нарынх ч зүв зүгээр байна” гэв.
Энэ голын хоёр гэрийн хувьд захын гэрүүдээсээ шаардлагын хувьд ч үзэл бодлын хувьд ч ялгаатай. Учир нь энэхүү хоёр гэрийг НЗДТГ-аас бариулсан бөгөөд нэг нь цайны гэр болж хувирчээ. Дотроо цайны халуун сав, хоолны сав зэрэг харагдах ба харин гурав дахь гэрийн хаалган дээр “Анхаар хүмүүс амарч байна” гэсэн бичиг нааж үүдээр нь орохыг хориглов. Хальт шагайвал ор засаж, 10-аад залуучууд амарч байх аж. Гэрийн тооно хэсэгтээ DDish-ийн антен байрлуулж, бусад гэрээ ч бодвол гэрэл сайтай ажиглагдана. Дөрөв дэх гэрийн хувьд цоожтой байгаа хэдий ч энд “Ард түмний их хурал” гэх бүлгэм байрлаж байгаа гэв.
Тус бүлгэмийн хувьд “Ард түмний их хурал” гэж байгуулан ЗГ-ыг суурин дээр нь татан буулгаж, өөрсдөө гарна гэх зүйлийг ярих аж.
Тодруулбал, залуу жагсагчдын зүгээс уяачдын холбооны ах эгч нартаа болон дээрх бүлгэмийн хүмүүст хандан “та нараас суралцах зүйл байгаа ч энд та нар илүү байна. Хөдөөгөө очиж морио уя, малаа малла” хэмээн үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Энэ мэт зарим гэрүүдэд зорилгогүй зарим иргэд цугларч, нийгмийн хэм хэмжээ алдагдуулж байгаа бол нөгөө талд биелэх боломжгүй шаардлагаа тавьсан иргэд цугларан суух ажээ.