“Изинис Эйрвэйз”-ийн Airbus A330-200 онгоц нислэг үйлдэхгүй, "туслах хөдөлгүүр"-ээ асаан, удаан хугацаанд зогсож байгаа ажээ

“Изинис Эйрвэйз”-ийн Airbus A330-200 онгоц нислэг үйлдэхгүй, "туслах хөдөлгүүр"-ээ асаан, удаан хугацаанд зогсож байгаа ажээ

Монголын агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоц өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30 /2022.11.30/-ны өдөр БНХАУ-аас 50 тонн цэргийн хувцас, техник тээвэрлэн ОХУ-д очсон байж болзошгүй талаар Английн aviationsourcenews.com сайт мэдээлсэн. Мөн тус нислэгийнхээ үеэр онгоцны транспондер /ADS-B/ буюу байрлал мэдээлэх төхөөрөмжөө унтраасан гэж мэдээлсэн юм. 

Харин “Изинис Эйрвэйз” компанийн удирдлагууд тус мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл хийх үеэрээ, “БНХАУ-аас тээвэрлэсэн ачааг, "иргэний зориулалттай хэдий ч хосолмол зориулалттай мэт харагдаж байна" гээд Давхар даатгалын компаниас нислэгийн зөвшөөрөл өгөөгүй. Иймд манай онгоц монголд газардсан байгаа. Худал мэдээлэл тарааж манай компанийн нэр төрд халдлаа” гэж мэдэгдсэн юм. 

Тэгвэл “Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоц нислэг үйлдэхгүй, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд зогсож байгаа бөгөөд, онгоцыг хөлдөхөөс сэргийлж, "туслах хөдөлгүүр"-ийг нь тогтмол асаалттай байлгаж байгаа ажээ. Магадгүй энэ нь арванэгдүгээр сарын 30 /2022.11.30/-ний өдрөөс хойш үргэлжилж байж болзошгүй байна.

“Изинис Эйрвэйз” компанийн Airbus A330-200 онгоц. Чингис хаан нисэх буудалд 2022.12.20

Харин дээрх асуудалтай холбогдуулж Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “ажлын хэсэг байгуулагдсан” гэж мэдэгдсэн ч, үнэн хэрэгтээ “хосолмол зориулалттай мэт харагдсан” гэх ачаанд үзлэг, шалгалт хийгээгүй байж магадгүй байна.

Учир нь тус мэдээллийн дараа ИНЕГ-аас, “Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үеэр ADS-B илрүүлэлт, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үед холбоо алдагдсан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгаж байна” гэж мэдэгдсэн ч, өнөөдрийг хүртэл үүнээс өөр ямар нэг мэдээллийг ИНЕГ болон “Изинис Эйрвэйз” компаниас дахин хийгээгүй байна.