Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Колумбын Богота хотод энэ сарын 5-16-ны өдрүүдэд хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 2023 оны ДАШТ нь эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын таван эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.
Бусад гурван тамирчин маань энэ удаагийн тэмцээнд хараахан медалийн тавцанд зогсож чадаагүй бол Гавьяат тамирчин М.Анхцэцэг өнөөдөр ДАШТ-д дэлхийн аваргаа хамгаалах зорилготой өрсөлдсөн юм. Улмаар 87 кг-ын жинд 143 кг-ыг түлхэлттэй өргөж, мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм. ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг оролцох эрхийг нь хассан. Мөн арваннэгдүгээр сарын 24-нд Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.