Буриадын сайд И.В. Козыров манайд нууцаар айлчилж, "Парис 2024" олимпод Оросын тамирчдыг Монголын нэр дээр оролцуулах хүсэлт тавьжээ

Буриадын сайд И.В. Козыров манайд нууцаар айлчилж, "Парис 2024" олимпод Оросын тамирчдыг Монголын нэр дээр оролцуулах хүсэлт тавьжээ

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Спорт, залуучуудын бодлогын сайд И.В.Козыров өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 7-ны өдөр /2022.12.07/ манай улсад "нууц айлчлал" хийгээд буцжээ.  Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нарын албаны хүмүүстэй уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. 

Уулзалтын үеэр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Спорт, залуучуудын бодлогын сайд И.В. Козыров Монгол Улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандаж, "Буриадын баг тамирчдыг 2024 оны Парисын зуны олимпын наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах" санал, хүсэлтийг тавьжээ.

Учир нь ОХУ, Украины нөхцөл байдал, допингийн асуудал зэрэгтэй холбоотойгоор Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлөөс ОХУ-ын баг тамирчдыг олимп, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргаад байгаа.

Тиймээс ОХУ-ын баг тамирчдыг Монгол Улсын нэр дээр оролцуулах хүсэлтийг тус улсын талаас удаа дараа тавьж эхлээд байгаа юм. Буриадын Спорт, залуучуудын бодлогын сайд И.В. Козыровын энэ удаагийн "нууц айлчлал"-ынхаа үеэр ч мөн л тус хүсэлтийг тавьсан байна. 

 -МҮОХ-НЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАРАНБААТАР И.В.КОЗЫРОВЫГ МҮОХ-НЫ "АЛТАН ОЧИР" ОДОНГООР ШАГНАЖЭЭ-

Түүнчлэн ОХУ-тай спортын салбарт болгоомжтой харилцахыг зөвлөж байсан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар айлчлалын үеэр Буриад улсын Спорт, залуучуудын бодлогын сайд И.В. Козыровыг МҮОХ-ны "Алтан очир" одонгоор шагнажээ. 

Ташрамд өгүүлэхэд, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан энэ оны наймдугаар сарын 3 /2022.08.03/-ны өдөр  тус улсад айлчлах үеэр биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Талууд олимп, паралимп, оюутны спортын төрлүүдэд хамтран ажиллахаар болсон гэх мэдээлэл ч тус улсын хэвлэлд гарчээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Ямартай ч Орос, Украины дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд ОХУ-ын баг тамирчдыг Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах асуудал яригдаж байгаа нь манай улсын гадаад бодлогод нийцэх үү гэх асуулт хариултаа нэхэж байна. 




Өнөөдөр цэлмэг байна

12 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө