Монгол тамирчдын виз гараагүй учир чөлөөт бөхийн шигшээ баг "Дэлхийн цомын тэмцээн"-д өрсөлдөхгүй

Монгол тамирчдын виз гараагүй учир чөлөөт бөхийн шигшээ баг "Дэлхийн цомын тэмцээн"-д өрсөлдөхгүй

Арван хоёрдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдах АНУ-ын Айовад чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд Монгол Улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай Чөлөөт бөхийн холбооноос мэдээлж байсан. 

Тэгвэл үндэсний шигшээ багийн тамирчдын виз гаргаагүй учир Монголоос АНУ-ын визтэй цөөхөн тамирчин тэмцээнийг зорьжээ. Ингэхдээ багийн бүрэлдэхүүнээ тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдээс бүрдүүлэх аж. Учир нь тэмцээнд оролцохгүй бол өндөр торгууль төлөх юм. 

Энэ талаар Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч өөрийн цахим хуудастаа "Манай улсын тамирчид визээ авч чадсангүй. Манай чөлөөт бөхийн  холбооны ажилдаа хандах хандлага, зохион байгуулалт муугаас ийм асуудал үүсэж олон тамирчин дасгалжуулагч амжилт, хөрөнгө мөнгөөрөө хохирлоо. Миний хувьд чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон ч ямар ч эрх мэдэл алга. Удирдах зөвлөлийн хурлаар хийхгүй олон сар боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэдэг хүн л бүх асуудлыг шийдэж явж байгаа. Уг нь хоёр сарын өмнөөс л дэлхийн цом д эрэгтэй ,эмэгтэй бүтэн багаараа оролцох болсон тухай мэдсэн. Визний хориг ихтэй Иран улсын тамирчид ч  АНУ-ын визээ аваад тэмцээн болох газраа ирээд байна. Би сарын өмнө АНУ-д ирсэн. Багууд ирнэ гээд чадах чинээгээрээ бэлтгэл хийсэн" гэжээ.