Зууны манлай дуучин Б.Сарантуяа өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтод нь амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр “Дуучин Т.Ариунаатай анх Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Д.Эрдэнцэцэгтэй найзалж байхдаа танилцсан. Тэгээд Т.Ариунаатай хамт ресторанд танилцаж, үдшийн зоог идэж байлаа. Тэр үеэс Т.Ариунааг анхны “Пентатоник” наадмын “Дбьют дуучин” гэдгээр нь илүү мэддэг болсон. Монголын рок попын ертөнцөд “Эрос” имижийг анх оруулж ирсэн эмэгтэй дуучин гэж үздэг. Мөн НҮБ-ын Элч дуучин гэдэг утгаараа хүүхдүүдийн сайн сайхны төлөө нийгмийн чиг хандлагыг өөрчлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучны нэг. Монголын рок попын ертөнцөд дуучин Т.Ариунаагийн орон зайг дурдвал хязгааргүй том.
Уран бүтээлчийнх нь хувьд Т.Ариунаа гайхалтай жүжиглэж, гоё бүжиглэж чаддаг. Ямар ч өө сэвгүй хоолойтой дуучин. Би дуучин Т.Ариунаагийн дуулсан “Талын монгол айл”, “Жинжиймаа”, “Үл таних эмэгтэйн захидал” киноны дуу гэх мэт олон дуунд нь дуртай. Дээрээс нь Т.Ариунаагийн тайзан дээр цоглог байдаг имиж нь миний сэтгэлээс гардаггүй. Түүнийг үеийн үед л ийм цоглог, гайхамшигтай мэдрэмжтэй дуучин гэж боддог. Түүний гадаад төрх, имижээс санаа авах, өмссөн зүүсэн, тайзнаа биеэ авч явж байгаа байдал бидний гайхашралыг төрүүлж ирсэн. Энэ утгаараа Т.Ариунаа маань 10 жилийн дараах тоглолтоо “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийх болсон нь маш том зоригтой алхам. Дуучин Т.Ариунаадаа болон арын албаны баг хамт олонд нь амжилт хүсье. Т.Ариунаа чи шүү. Үргэлж цоглог байгаарай. Амжилт хүсье” гэжээ.
Үүний хариу болгон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа “Зууны манлай дуучин Б.Сарантуяа найзаас минь мэндчилгээ ирлээ. Чамдаа баярлалаа. Олон жил хамтдаа үзэгчид сонсогчдоо баярлуулна аа” хэмээн талархлаа илэрхийлсэн байна.