Хүүхдийн төсөөлөн бодох ертөнцийг баяжуулдаг хамгийн энгийн үйл ажиллагаа бол үлгэр байдаг. Хүүхэд бүхэн ханхүү, гүнж болох хүсэлтэй явдаг бөгөөд тэр чин хүсэл нь зөвхөн үлгэрт л байдаг. Монголчууд эрт цагаас хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлж ирсэн. Тиймээс хүүхдүүд хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр гэж үздэг. Үлгэр хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлж, хүмүүжилд нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эцэг эхчүүд бүгд мэддэг ч хүүхдэдээ үлгэр уншиж, ярьж өгөх нь ховор. Нөгөөтэйгүүр сүүлийн үед хүүхэд багачууд гар утас, компьютерт автаж үлгэрийн ном, сэтгүүлээс холдох болсон. Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн санаачлагаар тус дүүрэг “Үлгэрийн цаг”-тай болжээ.
Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс энэ хүрээнд хамтран арга хэмжээ зохион байгуулж, хүрэлцэн ирсэн багачуудад үлгэрч өвөө, үлгэрийн хатад “Алтан гадас ба долоон бурхан”, “Эрхий мэргэн” зэрэг үлгэрүүдээр аялууллаа. Баянгол дүүргийн хэмжээнд төдийгүй нийслэлд анх удаа ийнхүү хүүхэд, багачуудад зориулсан сонирхолтой цаг гарган, уламжлалт үйл ажиллагааг сурталчлан таниулж байгаад эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Баянголын “Үлгэрийн цаг” цаашид амралтын бямба, ням гариг бүр дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болох бөгөөд хүүхэд бүрийн өмнө тус төвийн үүд хаалга нээлттэй байх ажээ. Мөн үлгэрч өвөө болон үлгэр уншигч хатад монгол ардын шилдэг үлгэрүүдийг уншиж бяцхан хүүхэд, багачуудын сонорыг мялааж, мэлмийг баясгах юм байна.