БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Эрхүү мужийн Европ руу хийх экспорт буурсан ч Казахстан, Монголд нийлүүлэх хэмжээгээ ХОЁР ДАХИН нэмэгдүүлсэн гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: ОХУ-ын Эрхүү мужийн Европ руу хийх экспорт буурсан ч Казахстан, Монголд нийлүүлэх хэмжээгээ ХОЁР ДАХИН нэмэгдүүлсэн гэжээ

ОХУ-ын Эрхүү мужийн түүхий эдийн үйлдвэрлэгчид Европын орнуудад хийх экспортоо 15 хувиар бууруулсан ч Казахстан, Монголд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн талаар Оросын TASS агентлаг онцолжээ.

Тодруулбал, 2022 онд Оросын өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд зах зээлийн чиг баримжаагаа өөрчлөхтэй холбогдуулан Эрхүү мужийн түүхий эдийн үйлдвэрлэгчид Европын орнуудад хийх экспортоо 15 хувиар бууруулсан ч Казахстан, Монголд нийлүүлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн гэжээ. Мөн Беларусь, Узбекистан, Хятад руу экспортлох хэмжээ 60-80 хувиар нэмэгдсэн гэж Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн дэд сайд Марина Петрова TASS агентлагт мэдээлсэн байна.

Тэрбээр "Зах зээлийн чиг баримжаа өөрчлөгдөөд байна. Европын орнууд руу хийх экспорт 15 хувиар буурсантай холбогдуулан БНХАУ-д экспорт 60 хувь, Узбекистан 77 хувь, Беларусь 80 хувь, болон Казахстан, Монгол руу экспорт хоёр дахин нэмэгдэж байна” гэв.

-2022 ОНД ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЫН ХАМГИЙН ИХ ӨСӨЛТИЙГ ҮЗҮҮЛСЭН ГЭВ-

Мөн 2022 онд түлш, эрчим хүчний бүтээгдэхүүн экспортын хамгийн их өсөлтийг үзүүлсэн бөгөөд газрын тосны экспорт бараг 95 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэжээ. Тодорхой хязгаарлалтын улмаас Эрхүүгийн бүс нутгийн үйлдвэрлэгчид Европын орнуудад бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоосон ч шинэ экспортлогчид бий болж байгаа нь сайшаалтай байсныг онцлов.

Тодруулбал, 2022 онд Эрхүү мужийн 26 жижиг дунд бизнес анх удаа олон улсын зах зээлд гарсан бөгөөд үүнд Монгол, Казахстан, Киргизстан, Хятад, Беларусь, Бангладеш зэрэг улсуудад хүргэлт хийжээ. Тэдгээрийн дотор барилгын материал, хүнс, тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид байдаг аж. Мөн тус муж дэлхийн 93 оронд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог төдийгүй бүс нутгийн үйлдвэрлэгчид ойн аж ахуйн цогцолбор, уул уурхайн бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал болон бусад бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Үүний зэрэгцээ нийт экспортын бараг 64 хувь нь Хятад руу гардаг гэжээ.