Өчигдөр /2022.10.28/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нэгэн байрны есөн давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага тус өдрийн 00:52 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:59 цагт очиход 28 настай эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есдүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байжээ. Аврах ангийнхан 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.