А.Гансүх, Б.Хурц, М.Энх-Амгалан нар оролцсон гэх хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ гэв /ВИДЕО/

А.Гансүх, Б.Хурц, М.Энх-Амгалан нар оролцсон гэх хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ гэв /ВИДЕО/

“Суруга Монгол” ХХК-ийн газрыг хэн, хэн хувааж авсан, тус газарт хэн гэж эрхмийн ямар компанийн барилга сүндэрлэв гэдгийг бид өмнө нь сурвалжилж байсан билээ.

ВИДЕО:

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хөөж гаргасан талаар мэдээлэл хийх үеэрээ "Суруга Монгол" компанийн эзнийг манай иргэд залилж, хохироосон асуудлын талаар онцоллоо. Тэрбээр "Японы залилуулсан иргэн нутагтаа очоод компаниа дампуурснаа зарласан. Улмаар төд удалгүй нас барсан. Тиймээс хүүг нь хохирогчоор татахаар ажиллаж байгаа" гэдгийг онцолсон юм.

Тэгвэл төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд оролцсон гэх эл хэргийн хохирогч тогтоогдохгүй, улмаар хохирогчгүй хэмээн хаах эрсдэл байгаа эсэхийг Х.Нямбаатар сайдаас тодруулахад "Миний хамгийн сүүлд авсан мэдээллээр энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Ганц хоёр ажиллагаа хийгээд прокурорт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр энэ хэрэг хаагдахгүй байх" гэлээ. 

Ташрамд өгүүлэхэд, "Суруга Монгол" компанийн эзнийг хар тамхины хэрэгт холбож, улмаар газрыг нь нэр бүхий хүмүүс дээрэмдсэн гэх тус хэрэгт ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл нарын хүмүүс оролцоотой байж болзошгүй байгаа юм. Тэгвэл тус хэрэг удахгүй прокурорт шилжвэл дээрх хүмүүс яллагдагчаар татагдах нь.