Б.Сугарсүрэн: Сууж явсан онгоц Филиппинд осолдоход монголын даатгал, ГХЯ-наас надтай ер холбогдоогүй /ВИДЕО/

Б.Сугарсүрэн: Сууж явсан онгоц Филиппинд осолдоход монголын даатгал, ГХЯ-наас надтай ер холбогдоогүй /ВИДЕО/

Энэ аравдугаар сарын 24-ны өдөр /2022.10.24/ БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппиний Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн KE631 нислэгийн дугаартай онгоц газардах үедээ хөөрөх зурвасыг давж осолдсон ноцтой хэрэг гарсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Тэгвэл тус онгоцонд нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан бөгөөд монгол хоёр иргэн байсан талаар бид анхлан мэдээлсэн байдаг. ЭНД ДАРЖ уншина уу.

Харин энэ талаар ГХЯ-наас “одоог хүртэл осолдсон онгоцонд зорчиж явсан монгол иргэдтэй холбоо тогтоож чадаагүй байна. Холбогдох гэж хичээж байна” гэх мэдээллийг өгсөн юм. Иймд бид тус онгоцонд зорчиж явсан монгол хоёр иргэний биеийн байдал хэрхэн байгаа талаар болон ГХЯ, авиа компанийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж талаар тодруулахаар холбогдож ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байцгаана уу. Намайг Б.Сугарсүрэн гэдэг. Одоо 24 настай. Филиппиний Себуд англи хэлний сургалтын зорилгоор ирээд байна.

-Энэ аравдугаар сарын 24-ны өдөр таны зорчиж явсан онгоц осолдсон хэрэг гарсан байсан шүү дээ. Таны хувьд УБ-Инчеон-Себу дамжин ниссэн үү?

Тийм. УБ-аас онгоцны буудал ээжээрээ хүргүүлчхээд ээждээ үнсүүлээд Инчеон руу ниссэн. Инчеонд цаг гаруй хүлээж байгаад Себу явах онгоцондоо суусан юм. Тэгэхэд урд монгол паспорттай хүн харагдахаар нь “Чи монгол юм уу” гээд бид хоёр бие биеэ монгол гэж мэдээд ямартай ч онгоцондоо суусан.

-Ослын шалтгааныг олон улсын хэвлэл янз бүрээр тайлбарлаж байсан шүү дээ. Хоёр ч удаа буух гэж оролдсон гэсэн. Яг юу нөлөөлсөн бэ та нарт албан ёсны тайлбар өгсөн үү?

Хоёр удаа буух гэж оролдсон гэсэн нь үнэн. Себуд яг 22:00 цагийн үед буух ёстой байсан ч буугаагүй. Эхний буултан дээр би “за яг буулаа даа” гэж бодоод байж байтал онгоц доошоо газардах гэж байснаа дээшээ гэнэт хөөрчихөөр нь “гэнэт яасан юм бол” гэж бодож эхэлсэн. Тухайн үед онгоцны ахмад “Себу хүчтэй бороотой байна. Бид дахиж буух гэж оролдъё” гэж мэдэгдсэн. Дараагийн хоёр дах буултан дээр дугуйгаа тавиад хагалсан уу яасан гэдгийг мэдэхгүй. Газар юм тавиад тэр нь ТАС гэж дуугараад зорчигч нар бүгд урагшаагаа саваад дахиад дээшээ хөөрсөн. Гурав дах буултан дээр тэр осол яг болсон. Ослын дараа бидэнд ямар нэгэн тайлбар огт өгөөгүй.

-Нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй үүнээс 162 нь зорчигч байсан гэсэн. Зорчигч нар дунд бэртэж гэмтсэн хүн байгаа юу. Тухайн үед хүмүүсийн сэтгэл зүй хэр байгаа ажиглагдсан бэ?

Онгоц ер нь сэлүүхэн байсан. Би яг голоор суухад гурван эгнээнд хүн байгаагүй. Онгоцны бүх гэрэл унтарчихсан чинь хүмүүс орилолдоод эхэлсэн. Бүгд л яг эвгүй болчихлоо гэж бодсон юм шиг байгаа юм. Онгоцны үйлчлэгч маань “та нар суудалдаа сууж бай. Бид нарыг юу ч хэлтэл битгий босооч” гээд урд орилоод л олон хүн Солонгос, Англи хэлээр ярихаар их хэцүү санагдсан. Хүн тийм бухимдсан, айсан үедээ төрөлх хэлээрээ л яримаар санагддаг юм билээ.

-Ослын дараа таны биеийн байдал хэр байна?

Ослын дараа миний бие харьцангуй гайгүй байна. Би хараа муутай. Тухайн үед нүдний шилээ онгоцонд хаана ч юм хаячихсан. Хоёр гурван удаа агаарын урсгалд дээш доош болж байгаа болохоор нүд жаахан улайгаад хорсоод буухад жаахан бүрэлзэж бууж ирсэн. Тэрнээс биш биед үзэгдэх онц гойд юм бол байхгүй. Харин онгоцны нисгэгчийг ямар байгааг сайн мэдэхгүй байна.

KE631 нислэгийн дугаартай онгоц

ХАМГИЙН ТҮРҮҮНД ААВ ЭЭЖИЙГЭЭ Л БОДДОГ ЮМ БИЛЭЭ

-Осол болоход авиа компанийн зүгээс хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юу байсан бэ?

Ослын буулт хийхэд бид нарт хамгийн түрүүнд "толгойгоо сайн барьцгаагаарай бид нар ослын буулт хийлээ шүү" гэхээр нь бид бүгд толгойгоо бариад доошоо суусан. Харин гуурсаар буух гэж байхад зорчигчдыг ачаа тээшээ бүгдийг нь орхи гэсэн учраас гар утас, гадаад паспортоо л авсан. Буусны дараа Себугийн нисэх онгоцны буудалд хүргэсэн. Тэнд хөнжил гудас тарааж өгөөд хэдэн цаг байсан байх. Гэхдээ хүний нутагт цөөхүүлээ ямар билээ. Бид хоёрыг хаяад зарим нь зочид буудал зарим нь гэрлүүгээ явсан гэсэн. Осолдсоны дараа хамгийн түрүүнд монгол хүнээ л хайж байгаа юм. Намайг ч бас нөгөө хүүхэд хайж байсан. Бид хоёулаа бие биеэ олоод ямар ч байсан хоёулаа амьд гарлаа гээд тэврэлдсэн дээ. Хүн бас тийм үед аав ээжийгээ л боддог юм байна билээ. 

-Ослын дараа Филиппин эсвэл Солонгосын авиа компаниудаас эргэж холбоо барьсан уу?

Үгүй. Юу ч хэлээгүй. Миний гар ачаа, цүнх үлдсэн тэрийгээ цаасан дээр тодорхойлоод биччихээрэй бичсэн өгөх гэсэн өгөх хүн олдоогүй. Миний ачаа хаана яаж олдож ирэх юм мэдэхгүй. Korean Air-ийхэн одоо ямар ч хариу өгөхгүй байгаа. Надтай Солонгос улсын хоёр иргэн нисэж ирсэн. Нэг нь болохоор өчигдөр буцаад явчихсан. Нэг нь одоо орноосоо босохгүй байгаа. Тэнд байгаа солонгосчууд нь өөрсдөө яриад ачаа барааг нь зохицуулаад байх шиг байна билээ. Өөрсдийнх нь хэл дээр өөрсдийнх нь улсын иргэд болохоор өөр байж магадгүй. Бид хоёр болохоор өмссөн хувцастайгаа л байна.

-Харин монголын ГХЯ-наас та бүхэнтэй холбогдож чадахгүй байна гэх хариу өгсөн. Тантай одоог хүртэл холбоо бариагүй юу. Мөн даатгалаас нь ямар арга хэмжээ авч байна вэ. Эсвэл та өөрөө холбогдох гэж үзсэн үү?

ГХЯ-наас надтай холбоо бариагүй. “Korean Air”-тэй холбоо барих гэж үзэж байгаа. Монгол дах даатгалтайгаа гэрийнхээ хүмүүсээр холбоо бариулсан. Ослын талаар мэдээгүй байсан. Өөрсдийнх нь онлайн хуудас руу “Бид осолдчихлоо” гээд бичсэн одоогийн байдлаар миний монгол дах даатгалын компани ямар ч хариу өгөөгүй би гацчихсан байж байгаа.