Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нарын хамаарал бүхий гэдэг "Изинис эйрвэйз" ХХК Хөгжлийн банкны анхаарал хандуулах зээлийн жагсаалтад ороод байгаа билээ. Тус компани нь Иргэний нисэх, агаарын тээвэр өргөжүүлэх төслийн хүрээнд 2019 оны аравдугаар сард 22.9 тэрбум төгрөгийн зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан байдаг.
Гэвч "Изинис эйрвэйз" ХХК нь энэ оны нэгдүгээр сарын 20 /2022.01.20/-ны өдрийг дуустал хугацаанд ердөө 676 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт өгсөн аж. Улмаар анхаарал хандуулах зээлийн жагсаалтад орсон бөгөөд Хөгжлийн банкны асуудал сөхөгдөж эхэлснээс хойш нийт 1.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна.
-“ШИНЭ ЯАРМАГ” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛООС 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦЫГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨРӨНД ӨГӨХӨӨР ЯРИЛЦЖЭЭ-
Тэгвэл Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нарын хамаарал бүхий гэдэг "Изинис эйрвэйз" ХХК нь Хөгжлийн банкны дээрх үлдэгдэл өр төлбөртөө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Шинэ яармаг” орон сууцны хорооллоос 20 гаруй тэрбум төгрөгийн орон сууцыг өгөхөөр ярилцсан гэх мэдээлэл байна.
Харин Л.Элдэв-Очир нар нь яагаад “Шинэ яармаг” хорооллын орон сууцнаас 20 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий байрыг өр төлбөртөө өгч, Хөгжлийн банкны зээлээ барагдуулахаар хөөцөлдөв гэдэг нь анхаарал татаж буй юм.
Учир нь “Шинэ яармаг” орон сууцны хорооллын төслийг Ц.Ууганбаяр гэх залуу хэрэгжүүлдэг бөгөөд эл төсөлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамааралтай гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар нь "худ ураг"-ын холбоотой хүмүүс. Тийм дээ ч тэд дундаа "Изинис эйрвэйз" ХХК-ийг эзэмшдэг байж болзошгүй юм. Харин нөгөө талаар Х.Баттулга болон Л.Элдэв-Очир нар Баянхонгор аймагт УИХ-ын сонгуулиар өрсөлдөж явсан улс төрийн өрсөлдөгяид. Иймд тэднийг Баянхонгор аймаг нэгтгэдэг байхыг үгүйсгэхгүй. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир нь MCS группийн хамааралтай нэгэн. Энэ утгаараа “Шинэ яармаг”-д ч ямар нэг байдлаар холбогддог байж болзошгүй байна. Өдгөө "Изинис эйрвэйз" ХХК-д Л.Элдэв-Очирын Золзаяа хувьцаа эзэмшдэг байна.