Хэн болох нь тогтоогдоогүй найман цогцос олж илрүүлжээ

Хэн болох нь тогтоогдоогүй найман цогцос олж илрүүлжээ

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах холбогдогч этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээдүүдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Илрүүлэлт Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. 

Энэ ажлын хүрээнд эхний 28 хоногт 1119 гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүнд хүнийг санаатай алах 12, хулгайлах 234, мал хулгайлах 33, дээрэмдэх 36, хүчиндэх 31, залилах 359, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 274, бусад 140 хэргийг тус тус илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.

Мөн эрэн сурвалжлагдаж байсан 2548 хүнийг олж тогтоосон байна. Тодруулбал оргодол 145, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 844, сураггүй алга болсон хүн 106, насанд хүрээгүй хүүхэд тав, хэн болох нь тогтоогдоогүй цогцос найм, галт зэвсэг гурав, шүүхээс даалгасан хүн 989, зөрчил үйлдсэн этгээд 184, тээврийн хэрэгсэл 96, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн зургаан этгээдийг тус тус илрүүлсэн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.