ХАВТАСТ ХЭРЭГ: "Ц.Анандбазар миний эмзэг эрхтнээс барьж аваад байна гэж С хэлээд уйлж байсан" гэж гэрч Ц шүүхэд мэдүүлжээ

ХАВТАСТ ХЭРЭГ: "Ц.Анандбазар миний эмзэг эрхтнээс барьж аваад байна гэж С хэлээд уйлж байсан" гэж гэрч Ц шүүхэд мэдүүлжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “хүчиндэх” гэх гэмт хэргийн яллагдагчаар татагдаад байгаа билээ. Тэгвэл тус хэргийн хохирогч бүсгүй мэдүүлгээсээ буцаж, улмаар өөрөө шүүхээс саяхан ял сонссон талаар tsahiur.mn мэдээллийн сайт өчигдөр /2022.10.20/ мэдээлсэн. Тэгвэл бид УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргийн хохирогч бүсгүй мэдүүлгээсээ буцаж, өөрөө ял сонссон тус хэргийн талаар сурвалжиллаа. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол

-Ц.АНАНДБАЗАРЫН ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧООР ГУРВАН УДАА МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ЭМЭГТЭЙ ХЭРЭГТЭН БОЛЖ ШҮҮХЭЭС ЯЛ СОНСЖЭЭ-

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчингийн хэргийн хохирогч хэмээж байсан С нь Мөрдөн байцаах албанд өнгөрсөн жил буюу 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван удаа хохирогчоор мэдүүлэг өгчээ. Тэрбээр тухайн үед “...Ц.А нь 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... -т үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхад хүчээр хажуудаа суулган хөх бөгсийг нь базаж, хувцсыг нь тайлах гэж оролдож урсан, толгойны үснээс нь татаж, ам руу нь бэлэг эрхтнээ хийхийг оролдсон...” хэмээн мэдүүлж байжээ.

Гэвч тэрбээр дээрх мэдүүлгээсээ буцаж, улмаар "Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдож хохирогч бус өөрөө яллагдагч болсон байна. Уг хэргийг шүүх хурал энэ оны наймдугаар сарын 4 /2022.08.04/-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс түүнийг гэм буруутай тооцож 6 сая төгрөгөөр торгох ял оноожээ. 

-С: БИ Ц.АНАНДБАЗАРЫГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛЖ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА-

Тэгвэл хохирогч хэмээж байсан С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Би өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна.

Би өмнө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны уулзалт мэдүүлгийн өрөөнд гэрчээр нэг удаа, хохирогчоор 2 удаа мэдүүлэг өгөхдөө Ц.Анандбазарыг намайг хүчиндэхийг завдаж надад хүч хэрэглэж, хувцас урсан, аманд бэлэг эрхтнээ хийх гэж оролдсон гэж худал мэдүүлэг өгсөн.

Би Ц.Анандбазарыг гэмт хэрэгт холбогдуулж худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” хэмээж байсан аж. 

-ГЭРЧ Ц: Ц.АНАНДБАЗАРТ ЯАГААД ОХИНЫГ ОРОЛДООД БАЙГАА ТАЛААР ХЭЛЭХЭД НААД ОХИНЫГ ЧИНЬ ЗҮГЭЭР ШАЛГАСАН ЮМ АА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

Тэгвэл тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс чухам юуг онцолж байв. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хохирогч гэх эмэгтэйтэй холбоотой байсан уу гэдгийг гэрчийн мэдүүлгээс сонирхож үзлээ. Гэрч Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах мэдүүлгийг өгсөн байна. Тэрбээр “... С гэх хүнийг танина. Тухайн үед ... салбарт ажилладаг байхад нь ... -т хамт ажиллах уу гэж санал болгоод бид хоёр хамт ажиллахаар явж байсан юм. С нь ... -т ажиллаж байх хугацаанд Ц.Анандбазар хувцсыг нь тайлж, бэлэг эрхтнээ хүчээр ам руу нь хийх гэж оролдсон талаар бол огт ярьж байгаагүй.

... -т ирээд удаагүй байхдаа надад хандаж Ц.Анандбазар миний хөх, бөгсийг бариад намайг оролдоод байна л гэж хэлж байсан.

Түүнээс би өөрийн нүдээр Ц.Анандбазарыг оролдож байхыг хараагүй. Дээр ярьсанчлан С нэг удаа уйлаад 2 давхраас бууж ирээд надад хандаж /51/ миний мөөм, бөгснөөс барьж аваад байна, ямар сонин юм бэ гэж уйлангаа хэлж байсан. Тэгээд би тухайн үед нь шууд 51-н өрөөнд ороод, та юу хийгээд байгаа юм бэ? гэтэл 51 наад охиныг чинь зүгээр шалгасан юм аа, санаа зоволтгүй ээ гэж надад хэлсэн. Тэрнээс хойш асуудал үүсээгүй юм” хэмээжээ.

-ГЭРЧ Н: С НАДАД МАНАЙ ДАРГА ОРОЛДООД Ч ГЭЛ ҮҮ СЭЭТЭН ХАЯАД Ч ГЭЛ ҮҮ ТИЙМЭРХҮҮ УТГА БҮХИЙ ЗҮЙЛ ЯРИАД АЖЛААСАА ГАРЛАА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-

Харин гэрч Н нь хохирогч хэмээж байсан эмэгтэйг өөрт нь хандаж, манай дарга оролдоод ч гэл үү сээтэн хаяад ч гэл үү тиймэрхүү утга бүхий зүйл яриад ажлаасаа гарлаа гэж хэлж байсан гэдгийг онцлон хэлж байжээ. Тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Би 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Цахиур.мн сайтад байршуулсан Ц.А гэх ... байсан хүний талаар Цахиур.мн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг үзсэн байдаг. Тухайн нэвтрүүлэг дээр бэлгийн дарамтад орсон хохирогч эмэгтэй ярьж байгаа талаар санаж байна.

Яг юуны талаар ярьж байсныг санахгүй байна. С надтай хамт амьдарч байх хугацаандаа ... -д билет бичигч гэх ажлыг хийж байсан. Түүний дараа миний санаж байгаагаар хавар байсан байх Бага тэнгэр Сити гэх нэршилтэй цогцолборт очиж ажиллаж байгаа талаар мэддэг болсон. Тухайн үед ... гэх нэршилтэй цогцолборт нярав ажилтай байсан санагдаж байна. ... цогцолборт нээх удаан ажиллаагүй. Миний мэдэж байгаагаар 3-4 cap болоод ажлаасаа гарчихсан.

Нэг орой орж ирээд манай дарга оролдоод ч гэл үү сээтэн хаяад ч гэл үү тиймэрхүү утга бүхий зүйл яриад "... анай нь ажлаасаа гарлаа..." гэж хэлээд маргаашаас нь ажилдаа явахаа больчихсон.

... Тухайн үедээ гаднаас орж ирэхэд өөрийнх нь өмсөж явсан хувцаснууд нь урагдсан, цоорсон зүйл байгаагүй... Намайг янз бүр болоод байна гэж хэлж байсан. Тэрнээс биш надад ажлын байрны бэлгийн дарамт учруулсан, мөн бэлгийн харьцаанд орох гэж хүч хэрэглэсэн асуудлын талаар бол огт ярьж байгаагүй. Би Ц.А гэх хүнийг С эгчийн захирал гэдгийг ч мэдээгүй” хэмээн мэдүүлж байсан байна. Шүүхээс эдгээрийг үндэслэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч хэмээн мэдүүлэг өгч байсан ч улмаар мэдүүлгээсээ буцаж яллагдагчаар татагдсан Б.С-ийг гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оноожээ.