Тариа хийлгэсний улмаас Сэхээнд орсон охины шинжилгээний хариу гарчээ

Тариа хийлгэсний улмаас Сэхээнд орсон охины шинжилгээний хариу гарчээ

-ЭМҮҮЖИН ОХИНЫ ДОТОР ЭРХТЭН БОЛОН БИЕИЙН БӨГСӨН ХЭСЭГ ГУЯ ҮХЖИЖ, АЖИЛЛЛАГААГҮЙ БОЛСОН-

Өнгөрөгч наймдугаар сарын 20-ны Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт нэг настай Эмүүжин охин халуурсан оноштойгоор очсон байдаг. Улмаар эмч нар үзлэг шинжилгээ хийгээд халуун буулгах тариа гаднаас авч ир хэмээн ар гэрт нь бичиж өгөөд гаргасан. Тэр дагуу ар гэрийнхэн нь тариаг эмийн сангаас худалдан авч тухайн эмнэлэгт очиж охиндоо хийлгээд гэртээ харьсан байна. Үүний дараагаас охины бөгсөн бие болон гуя хэсгийн арьс үхжиж эхэлсэн байдаг. Охины биеийн байдал хүндэрч Эх нялхасын эрүүл мэндийн төвд очиход тос түрхээрэй гэж хэлээд буцаасан байдаг.

Харин тэр шөнөө нэг настай Эмүүжин охины бие гэнэт муудаж дахин Эх нялхасны эрүүл мэндийн төвд ирсэнээр Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ.

Бид эх нялхасын эрүүл мэндийн төвд биеийн байдал тун тааруу гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгээ хийлгэж байхад нь очиж сурвалжлага бэлтгэн хүргэж байсан. Ар гэрийнхнээс нь авсан мэдээллээр охины дотор эрхтнүүд болон биеийн зарим хэсэг ажиллагаагүй болсон. Маш хүчтэй хордсон учраас эмч  нар муу байгаа гэж хэлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн байдаг.

Мөн эмчийн буруу бичиж өгсөн тариаг хийлгэсний улмаас зөвхөн халуурсан гэсэн оноштой очсон охины биеийн байдал эрс муудаж дотор эрхтэн болон биеийн зарим хэсэг үхжиж эрүүл  мэндээрээ ноцтой хохирсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гомдол өгсөн байна.

-ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ТАРИАНААС БОЛООГҮЙ БУЮУ ЭМЧИЙН БУРУУГААС БОЛООГҮЙ ХЭМЭЭН ГАРЧЭЭ-

Тухайн үед охиноос эмч нар өдөр бүр нарийн шинжилгээ авч байгаа хариу нь хараахан гараагүй байна гэсэн мэдээллийг ар гэрийхэн нь өгсөн. Гэтэл өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр охины ар гэрийнхнийг Хан-Уул дүүргийн цагдаагаас дуудсан байна. Учир нь охин юуны учир ийнхүү ганцхан тариа хийлгэснээс болж ийнхүү бие нь муудаж Сэхээнд хэвтэхээр болсон талаар учрыг тайлах шинжилгээний дүн гарсныг танилцуулжээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эмчийн буруугаас болоогүй хэмээх дүгнэлт гарсан гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс бидэнд мэдээллээ.

Энэ асуудлаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагаас хүүхдэд хийсэн тариаг нарийн шалгаж эхэлсэн талаар бид мэдээлж байсан билээ.

Харин өдгөө Эмүүжин охины биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарчээ. Гэхдээ охин юуны учир биеийн байдал эрс муудаж, биеээр нь идээт үрэвсэл явагдаж эхэлсэн. Мөн юуны учир дотор эрхтнүүд нь ажиллагаагүй болсон талаарх эцсийн онош гараагүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байна.

Зөвхөн эмчийн буруу үйлдлээс болоогүй байна гэсэн хариу хэлжээ. Гэтэл охины биеийн байдал хаашаа ч эргэж магадгүй хүнд байдалд өдөр хоногуудыг аргацаан өнгөрөөж байгаа аж. Иймд ар гэрийнхнийх нь зүгээс онош бүрэн тогтоогдтол холбогдох газруудад хандсаар байх болно гэдгийг хэлсэн юм.