Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Ганзоригийн Ануужин хошой хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр өчигдөр /2022.10.12/ дэвжээнд гарч огцом өргөлтөөр 99 кг /эхлээд 95 кг, дараа нь 99 кг өргөсөн, сүүлийн оролт 102 кг амжилтгүй болсон/-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан юм. Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж /116 кг, -121 кг, -121 кг/ 5 дугаар байрт шалгарч нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.
Түүнчлэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхтайваны Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ.
Ийнхүү "Манама-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор дөрвөн эмэгтэй туйванч хүчээ сорих бөгөөд дэвжээнд гарсан хоёр тамирчин хоёулаа медаль хүртээд байна.