Халз тулааны ялагч Э.Цэндбаатарт өнөөдрийг хүртэл "600 сая төгрөгийн бооцооны мөнгө"-ийг нь өгөөгүй байгаа ажээ

Халз тулааны ялагч Э.Цэндбаатарт өнөөдрийг хүртэл "600 сая төгрөгийн бооцооны мөнгө"-ийг нь өгөөгүй байгаа ажээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр мэргэжлийн боксоор халз тулалдсан билээ. Тамирчид тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийсэн.

Улмаар тус тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болох болзлыг хангасан байдаг. Тухайн үед Э.Цэндбаатар "Бооцооны мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах болно" гэдгээ мэдэгдэж байсан бол олон нийт түүнийг "Хөлс хүчээ гаргаж олсон мөнгөө өөрийн амьдралдаа зарцуулах нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатарт өнөөг хүртэл бооцооны 600 сая төгрөгийг нь зохион байгуулагчдын зүгээс өгөөгүй байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

-З.ШИНЭЧАГТГА ТУН УДАХГҮЙ Э.ЦЭНДБААТАРЫГ ХОЛИМОГ ТУЛААНААР ХАЛЗ ТУЛААНД ДУУДНА-

Тиймээс эл асуудлыг тулааны талаар хэвлэлийн бага хурал хийж, тулааныг хамтран зохион байгуулсан эх сурвалжаас тодруулахад “Э.Цэндбаатарт 10 гаруй хоногийн өмнө бооцооны мөнгийг нь өгсөн. Асуудал байхгүй. Харин тун удахгүй З.Шинэчагтга Э.Цэндбаатар өөрийн төрлөөр буюу холимог тулаанаар халз тулаанд дуудахаар бэлтгэж байгаа. Түүний саналыг Э.Цэндбаатар хүлээж авах байх. Дахин гал гарсан тулаан болно гэж найдаж байна” гэх хариултыг өгсөн юм.

Харин эл асуудлыг Э.Цэндбаатартай холбогдож тодруулахад "Бооцооны мөнгөө хараахан аваагүй байгаа. Удахгүй ирэх байх" гэх хариултыг өгөв.

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нарын халз тулаан олон улсад хүлээлт үүсгэсэн, өндөрт бооцоот тэмцээний нэгэн адил болж, олны анхаарлыг татсан. Энэ ч үүднээсээ олон улсын жишигтэй адил бооцооны мөнгийг тэмцээний шөнө өгсөн байх гэсэн ойлголт олон нийтийн дунд байсан.

Гэвч тулаан зохион байгуулагдаад нэг сар орчим болж байхад ийнхүү бооцооны мөнгө нь эзэндээ очоогүй байгаа юм.

Харин зохион байгуулалт дээр ажилласан эрхмүүд нь "Бооцооны мөнгийг өгсөн. Дахин халз тулаан зохион байгуулна" гэдгийг тодотгож байгаагаас эл бооцооны мөнгө хаачив гэх асуулт хариултаа нэхэж эхэллээ. Бөхийн өргөөнд болсон халз тулааны тасалбар 60-300 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан. Зохион байгуулалт дээр ажилласан эрхмүүд үүнээс багагүй мөнгө олсон нь эргэлзээгүй. Мөн тамирчид бооцооны мөнгөө өөрсдөө бүрдүүлсэн гэдгийг тодотгож байсан. Энэ бүхнээс үзэхэд гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нарын халз тулааныг "шоу" болгож, зохион байгуулалт дээр ажилласан эрхмүүд нь ашиг хүртэж, тамирчид хоосон хоцорч байгаа юм биш биз гэх хардлага төрж байгаа юм. Ямартай ч нэлээд олон сарын турш хүлээлт үүсгэж, жишиг тогтох хэмжээнд зохион байгуулагдсан мэргэжлийн боксын халз тулааны ялагч өнөөг хүртэл бооцооны мөнгөө аваагүй байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө